Алим

Алим

Алим нь бусад жимстэй харьцуулахад витамин харьцангуй багатай боловч цогц найрлагатай, хүний өдөр тутмын хэрэгцээнд харьцангуй их хэмжээгээр хэрэглэгдэх учир цитрусын төрлийн жимсний нэгэн адилаар витамины дутагдлаас сэргийлэхэд тустай жимсний нэг юм.

Алим нь:

Нүүрс ус (фруктоз зонхилох) 5-15%,

Алимны хүчил 0.37%,

Нимбэгний хүчил 0.11%,

Пектин 1.2% хүртэл,

Идээлэгч бодис 0.27% хүртэл,

Витамин С, B1 B2,B3,

Эрдэс бодисоос – кали, төмөр, манган, натри, кальцийн давс агуулна.

Алимны бүтээгдэхүүнд куэрсетин, мирисети, эслэг, олигосахарид, сахароспит зэрэг биологийн идэвхит нэгдлүүд байдаг. Алимны хальс харьцангуй их хэмжээгээр витаминуудыг агуулах бөгөөд түүний амт, үнэр нь эфирийн тосны агууламжтай холбоотой. Алим нь илчлэг чанар багатай тул биеийн жинг барих, жин хасах үеийн хоолны дэглэмд өргөн хэрэглэнэ. /алимны хүчлийн тураагч г.м./ Шинэхэн алим болон түүний шүүслэг хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааны хямралын үед сувиллын зориулалтаар хэрэглэнэ. Цусны холестрины агууламжийг бууруулахад өдөрт 2 удаа алим идэж хэрэглэхийг зөвлөдөг.

Өдөр бүр алим тогтмол хэрэглэвэл зүрх судасны өвчний явцыг 50%-иар сааруулах боломжтой гэж үздэг. Алиманд агуулагдах флавоноид нь хүний биед чөлөөт радикал үүсэхээс сэргийлэх үйлчилгээтэйг Финляндын эрдэмтэд /25 жил/ судлан тогтоожээ.

Алимыг шууд дангаар нь болон төрөл бүрийн шүүс ундаа, амттан бэлтгэх, жигнэх, боловсруулах гэх мэх олон хэлбэрээр хүнс тэжээлд ашигладаг. Алимыг зэрлэг байдлаас тарималжуулалт хийхийг 5 мянган жилийн өмнөөс Кавказ, Дундад Азиас эхлэлтэй гэдэг, харин Европ тивийн Палестинаар дамжуулан нутагшуулсан гэж үздэг. Алим нь модонд ургах таримал жимснүүд дотроос хамгийн түгээмэл тархсан нь бөгөөд харьцангуй сэрүүн уур амьсгалтай бүс нутагт бусад жимснээс илүүтэйгээр тариалдаг. Дэлхийн хэмжээнд эдүгээ 20 гаруй мянган сортын алимын мод 5 сая. га цэцэрлэгийн талбайд тариалдаг байна.

2016-10-17T22:50:54+00:00 2012 оны 10-р сарын 02|Зөвлөгөө|

Leave A Comment