Шинэ ногооны салатны ашиг тус

Бидний хамгийн сайн мэдэх салатнуудын нэг бол шинэ ногооны салат. Хийхэд ч хялбар энэхүү салат нь хүний биед маш хэрэгтэй амин дэмүүдийг агуулдаг. Тэр тусмаа махан хүнд хоолтой хольж идэхэд гайхалтай зохицдог билээ. Шинэ ургацын ногоонууд гарч байгаа энэ үед шинэ ногооны салатыг хийж идэлгүй өнгөрөөв дөө.

Илүүдэл өөх тосыг багасгахын тулд бууз, махан хоол идсэнийхээ хэрээр шинэ ногооны салат ялангуяа ногоон навчит ногоо (бууцай, чинцай, юуцай, цоо байцаа, яншуй, мөн брокколи байцаа, ногоон сонгино, бүх төрлийн байцаа, салатны навч, ногоон чинжүү гэх мэт ногоон навчит ногоонууд болон бусад ногоон өнгөтэй ногоонууд) давамгайлсан салатыг түлхүү сонгож, бэлтгэж идэх хэрэгтэй.

Учир нь ногоон өнгийн навчит ногоонд хлорофилл хэмээгч хар ногоон өнгийн пигмент агуулагддаг ба энэ нь цусны илүүдэл өөх тосыг багасгах, биеэс хэрэгцээгүй үлдэгдлийг хөөх, бүтэн биеийг хоргүйжүүлж, хордлого тайлах, цус төлжүүлэх зэрэг ач холбогдолтой байдаг. Мах буюу уураг хэт их хэрэглэхэд биед олон төрлийн хорт бодисын хуримтлал үүсдэг эдгээрийг цаг тухайд саармагжуулж хоргүйжүүлж байх маш чухал.

Мөн бүх төрлийн ногоонууд бусад хүнстэй харьцуулахад хамгийн бага илчлэг өгдөг ч, цатгах мэдрэмж төрүүлдэг, дотор нь агуулагдах уусдаг болон уусдаггүй эслэг нь өтгөн хатахаас сэргийлж цаашлаад бүдүүн шулуун гэдэсний өвчлөлөөс сэргийлэх, ялангуяа шинээр нь чанаж болголгүй идэхэд олон төрлийн биологийн идэвхт тэжээл, эрдэс, аминдэмээр хангаж, арьсны эрүүл толигор байдлыг сайжруулдаг гэх мэт маш олон ашиг тустай.