“Газар шим үйлдвэр” ХК-ийн 2025 оны ногдол ашиг хувьцаа эзэмшгчдийн дансанд байршлаа.

Манай компани 2025 оны ₮6.53 тэрбумын цэвэр ашгаас нэгж хувьцаанд 2.49₮-ийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн.Цаашид ч бид урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах, компанийн үнэлгээг нэмэгдүүлэх, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд тууштай ажиллах болно.

Газрын шимээр амьдралд амт нэмнэ.

“Газар шим үйлдвэр” ХК FSSC 22000 стандартыг нэвтрүүлэх хүрээнд “Alpha Quality Expert” компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

“Газар шим үйлдвэр” ХК нь FSSC Version 6 системийн баталгаажуулалтыг хэрэгжүүлэхээр 2026 оны 04-р сарын 02-ны өдөр зөвлөх үйлчилгээний гэрээнд гарын үсэг зурлаа.“Газар шим үйлдвэр” ХК нь үйл ажиллагаандаа олон улсын хүнсний аюулгүй байдлын тогтолцоог үе шаттайгаар нэвтрүүлэх зорилтын хүрээнд FSSC 22000 стандартыг хэрэгжүүлэхээр “Alpha Quality Expert” аудит, зөвлөх үйлчилгээний компаниас зөвлөх үйлчилгээ авч хамтран ажиллах юм.

Хамтын ажиллагааны хүрээнд “Alpha Quality Expert” компани нь FSSC 22000 стандартын шаардлагыг үйлдвэрийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, дотоод тогтолцоог боловсронгуй болгох, эрсдэлийн үнэлгээ хийх, баримтжуулалт болон аудитын бэлтгэл ажлыг мэргэжлийн түвшинд зөвлөн хэрэгжүүлэх юм.

FSSC 22000 стандарт нь хүнсний аюулгүй байдлын удирдлагын олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоо бөгөөд үйлдвэрлэлийн бүх үе шатанд хүнсний аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг бууруулах, хэрэглэгчдэд чанартай, аюулгүй бүтээгдэхүүн хүргэхэд чиглэдэг.

“Газар шим үйлдвэр” ХК нь энэхүү стандартыг нэвтрүүлснээр:

  • Үйлдвэрлэлийн дотоод хяналт, чанарын удирдлагыг сайжруулах
  • Хэрэглэгчийн итгэл, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх
  • Зах зээлийн өрсөлдөх чадварыг өргөжүүлэх чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Тус хамтын ажиллагаа нь компанийн урт хугацааны тогтвортой хөгжил, чанар аюулгүй байдлын бодлогыг шинэ түвшинд хүргэх чухал алхам болж байгаагаараа онцлог юм. Цаашид “Газар шим үйлдвэр” ХК нь олон улсын стандарт, шилдэг туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэглэгчдэдээ найдвартай, чанартай бүтээгдэхүүн хүргэх зорилтын дор тасралтгүй хөгжиж ажиллах болно.

Газрын шимээр амьдралд амт нэмнэ.

ESG баталгаажуулалтын гэрчилгээтэй Артишок ундаа хэрэглэгчдэдээ илүү ойртлоо.

Газар шим үйлдвэр ХК нь Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөрийн “Ногоон эдийн засгийн шилжилт” (SOGE) төслийн хүрээнд зохион байгуулагдсан өдөрлөгт оролцлоо. Тус арга хэмжээ Carrefour Sila салбарт болж, байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийн шаардлага хангасан бүтээгдэхүүнүүдийг онцлон таниулах “Ногоон булан”-г хэрэглэгчдэд хүргэсэн юм.

Бид ESG буюу байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын шалгуурыг хангаж, баталгаажуулалтын гэрчилгээ авсан бүтээгдэхүүн болох Артишок ундаа-гаа танилцуулж, хэрэглэгчдэд амталгаа хийлгэн хүргэлээ. Энэхүү оролцоо нь тогтвортой үйлдвэрлэл, хариуцлагатай хэрэглээг дэмжих бидний зорилгын нэг хэсэг юм.

Артишок ундаа нь элэг, бөөрний хэвийн үйл ажиллагааг дэмжих, цөсний ялгаралтыг идэвхжүүлэх, биеийн хорыг гадагшлуулахад тустай бүтээгдэхүүн юм. Мөн хоолны хордлогын үед хэрэглэхэд дэмжлэг болдог зэрэг олон талын ач холбогдолтой.Хэрэглэгчдийнхээ итгэлийг хэдийнээ хүлээж, үнэнч хэрэглэгчидтэй болсон манай энэхүү бүтээгдэхүүн удахгүй савлагааны төрлөө нэмэгдүүлж байгааг дуулгахад таатай байна.

Газрын шимээр амьдралд амт нэмнэ.

“Газар шим үйлдвэр” ХК тариаланчдадаа хувьцаа бэлэглэлээ.

Манай компанид сүүлийн гурван жилийн хугацаанд тасралтгүй хүнсний ногоо нийлүүлж, хамтын ажиллагаагаа тогтвортой хадгалж ирсэн тариаланчдадаа бид талархал илэрхийлэн хувьцаа бэлэглэлээ.

Өргөст хэмх, лууван, хүрэн манжин, сонгино, төмс, шар хулуу, ногоон хулуу, сармис, байцай, помидор зэрэг манай бүтээгдэхүүний үндсэн орц болох түүхий эдийг дотооддоо тариалж, найдвартай нийлүүлдэг та бүхний хувь нэмэр үнэлж баршгүй юм. Бид хэрэглэгчдэдээ чанартай, аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүн хүргэх зорилгынхоо хүрээнд тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгдөг.

Та бүхний итгэл, зүтгэл, хичээл зүтгэл нь манай компанийн амжилтын салшгүй хэсэг билээ. Цаашид ч хамтын ажиллагаагаа улам бататган, хамтдаа өсөн хөгжихийг зорьж байна.

Газрын шимээр амьдралд амт нэмнэ.

Газар шим үйлдвэр ХК-д ШУТИС-ийн Хүсний технологийн ангийн оюутнууд үйлдвэртэй танилцлаа.

Тус танилцах аяллын хүрээнд оюутнууд үйлдвэрлэлийн үйл явц, технологийн шийдэл, чанарын хяналтын шат дамжлагатай танилцаж, хүнсний аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн талаар бодит мэдлэг мэдээлэл авлаа.

Мөн онолын мэдлэгээ практиктай уялдуулан ойлгох боломж бүрдэж, мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлоход чухал ач холбогдолтой байсан гэдэгт итгэлтэй байна.

Цаашид манай компани салбарын ирээдүй болсон залуу мэргэжилтнүүдийг дэмжих, хамтран ажиллах ажлуудыг тогтмол хэрэгжүүлэн ажиллах болно.Хүрэлцэн ирсэн оюутнууддаа баярлалаа.

Газрын шимээр амьдралд амт нэмнэ👍

“Япон-Монголын САСАКАВА тэтгэлэгт хөтөлбөр”-ийн оюутнууд “Газар шим үйлдвэр” ХК-ийн үйлдвэртэй танилцлаа.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “ХҮНСНИЙ ХАНГАМЖ,АЮУЛГҮЙ БАЙДАЛ” Үндэсний хөдөлгөөний хүрээнд “Япон-Монголын САСАКАВА тэтгэлэгт хөтөлбөр”-ийн оюутнууд хүнсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах хөтөлбөрийн хүрээнд “Газар шим үйлдвэр” ХК-д хүрэлцэн ирлээ.

Тэд манай үйлдвэрийн үйл явц, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн онцлог, мөн “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд бий болсон шинэ бүтээгдэхүүнүүдтэй танилцаж, мэдлэг туршлага нэмсэн үйл ажиллагаа болж өнгөрөв.

Бид цаашид хүнсний салбарын хөгжил, мэдлэг солилцоог дэмжсэн ийм төрлийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн өргөжүүлэх болно. 🌿Ирээдүйн хүнс, хөдөө аж ахуйн салбарыг манлайлан авч явах оюутнууддаа амжилт хүсье.

Газрын шимээр амьдралд амт нэмнэ.

Газар шим үйлдвэр ХК-д Фермер эмэгтэйчүүд үйлдвэртэй танилцлаа.

Монгол Улсын санаачилгаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан билээ. Энэ хүрээнд “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эмэгтэйчүүдийн олон улсын жил”-ийн нээлтийн арга хэмжээ 2026 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулагдав.

Энэхүү арга хэмжээний хүрээнд фермер эмэгтэйчүүдийг Газар шим үйлдвэр ХК-ийн үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцууллаа. 🌿

Бид тариаланчдаас нийлүүлсэн шинэхэн ногоог хэрхэн боловсруулж, чанартай бүтээгдэхүүн болгодгийг дэлгэрэнгүй танилцуулж, үйлдвэрлэлийн үйл явцыг бодитоор үзүүлэв. Мөн зочдод бүтээгдэхүүний амталгаа хийж, харилцан туршлага солилцсон үр өгөөжтэй, сэтгэл ханамж өндөртэй уулзалт болж өндөрлөлөө. 🤝

Газар шим үйлдвэр ХК нь дотоодын тариаланчдаа дэмжин, байгалийн цэвэр түүхий эдээр эрүүл хүнс үйлдвэрлэх хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэн ажиллах болно.

Газрын шимээр амьдралд амт нэмнэ.

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧДИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалтыг тус тус  үндэслэн ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  1. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх (Эрх зүйч, Инженер, Санхүү эдийн засагч, Аудитороор ажиллаж байсан бол давуу тал болно);
    • А. Боловсрол: Магистр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй
    • Б. Мэргэшил: Бизнесийн удирдлага болон өөрийн мэргэжлийн чиглэлээр;
  2. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх;
  3. Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;
  4. Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй байх.
  5. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх
  6. Тус компанитай бизнесийн аливаа холбоогүй байх.

Бүрдүүлэх материал:

1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
2. Анкет (анкетыг бүрэн бөглөх, 4х6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх)
3. Өөрийн намтар (CV);
4. Нийгмийн даатгалын лавлагаа; (e-Mongolia цахим системээс)
5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
7. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;                                                

МАТЕРИАЛ  ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ГАЗАР: 

Нэр дэвшигчийн материалыг 2026 оны 02-р сарын 17-ны  өдрөөс 2026 оны 03 дугаар  сарын 30-ны өдрийг дуустал info@gazarshim.mn хаягаар цахимаар мөн УБ хот, Баянгол дүүрэг, 66/01, 66/02 тоот, Газар шим үйлдвэр ХК-ийн төв оффис хаягаар шуудангаар хүлээн авна. 

Анхаарах зүйлс:

  • Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичнэ.
  • Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
  • Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
  • Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
  • Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.

Энэхүү зартай холбоотой нэмэлт мэдээллийг Өдрийн сонин, Газар шим үйлдвэр ХК-ийн цахим хуудас буюу (gazarshim.mn)-с авах боломжтой.

“ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР”ХК-ИЙН
ТУЗ-ИЙН ДЭРГЭДЭХ НЭР ДЭВШҮҮЛЭХ  ХОРОО

ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР ХК 2025 ОНЫ ЦЭВЭР АШГААСАА НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

“Газар шим үйлдвэр” ХК нь нийт хуваарилах ногдол ашгийн дүнг ₮2,9 тэрбумын ногдол ашиг болгож хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлэлээ.

Компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 03 сарын 27-ны өдрөөр тогтоож ногдол ашгийг 4 сарын 30-ны өдрийн дотор олгох юм.

Нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг-2.49 төгрөг, ногдол ашиг ₮2.9 тэрбум байгаа юм.

Газар шим үйлдвэр ХК-д итгэл үзүүлэн хамт байдаг хувьцаа эзэмшигч та бүхэндээ баярлалаа.

Газрын шимээр амьдралд амт нэмнэ.