Мөөгний тухай

//Мөөгний тухай

Мөөгний тухай

Мөөг ургамал мөн үү? Түүнийг доод ургамал гэж зарим эрдэмтэн судлаачид үздэг ч би бол биш гэж хэлнэ. Ямар ч ургамал ургахад хөрс, ус, шим тэжээлээс гадна нарны гэрэл зайлшгүй шаардлагатай байдаг талаар бид багадаа багш нараараа зөндөө л заалгадаг байсан даа. Гэтэл мөөгөнд нарны гэрэл, хөрсний шим тэжээл энээ тэрээ огт хэрэггүй. Түүнд зохих чийг дулааныг нь өгчихөд л өөрөө аяндаа хаана ч хамаагүй ургачихна.  Уул тал, хөндий, ой мод, хад чулуу, барилгын хана тааз,  бүр хүн амьтны үс толгой, арьсан дээр биен дотор нь хүртэл ургаж үрждэг гээд бод доо.

Ургамал биш  бол амьтан юм болов уу? Бас л биш юмаа. Амьд амьтанд байдаг эд эрхтэн болоод бусад олон шинж чанар түүнд байхгүй. Тэгвэл амьтан ургамлын завсрын бодгаль гэвэл арай зохистой юм болов уу гэж бодогдоно. Мөөг бидний амьдралд ашиг тустай олон жишээг та мэднэ. Наад захын жишээ нь пенициллин байна.

Мод, бут, өвслөг ямар ч ургамалд байдаг хлорофилл гэгч эс түүнд байдаггүй учраас ногоон өнгөтэй мөөг хорвоод байдаггүй, хэрнээ улаан, цагаан, хар бор, цоохор саарал гээд зүсэн зүйлийн өнгө түүнд буй.

Монгол оронд 400-гаад зүйлийн мөөг ургадаг. Мөөгөнд  нүүрс ус, өөх тос, уураг, уусдаг аминдэм,  фосфор, кали, кальц, төмөр, зэс…гээд байхгүй бодис бараг үгүй. Монголчууд мөөгийг эмчилгээний болон хүнсний зориулалтаар ашиглаж ирсэн уламжлалтай. Хатаасан мөөгөнд 30-40% уураг агуулагддаг нь махнаас дутуугүй учир мөөгийг газраас ургадаг мах гэж нэрлэж ч болох.

Мөөгийг хүнсэнд төдийгүй эмчилгээнд өргөн хэрэглэдэг. Мөөг нь цусан дахь тосны хэмжээг багасгах, даралт болон халуун бууруулах, үрэвсэл болон хавдрын эсрэг үйлчлэл бүхий биологийн идэвхт олон бодис агуулдаг. Мөөгийг сүрьеэ, зарим халдварт өвчин, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны саатлыг анагаахад хэрэглэж байжээ. Түүнчлэн элдэв үрэвслийн эсрэг идэвхтэй үйлчилж, дархлааг сайжруулдаг. Цагаан мөөгийг  мөн шарх анагаахад хэрэглэж байсан талаар судлаачид бичсэн байдаг.

Миний өгсөн санаанууд сэтгэлд тань хүрсэн бол ойрхон ойд гэр бүлээрээ очиж, мөөг түүн хагас өдөр боловч алхаарай, эрүүл мэндэд тань тустай байх болно. Гэхдээ мөөг түүхэд анхаарах хэдэн зүйл байдгийг уншигч таньд сануулах нь миний үүрэг болой.

  • Мөөгийг хөрснөөс үндсээр нь сугалахгүйгээр цаас зүсэгчээр огтрлж авбал дараа жил нь дахин ургадгийг бүү мартаарай.
  • Цагаан мөөгний хүрээнд өөр ямар ч мөөг холилдон ургадаггүй, хугалж үзэхэд цагаан өнгөө алддаггүй онцлогтой. Цагаан мөөгийг бороо орсны маргааш өглөө нь эрт түүхэд мөөг өтөөгүй эрүүл чанга байдаг.
  • Ойгоос мөөг түүхдээ хортой эсэхийг нь сайн нягтлаарай
  • Мөөгийг хатаахын өмнө шороо, тоос, өвс, ургамлаас нь сайтар цэвэрлэж бөх утсанд хэлхэн өлгөж хатаана. Цэвэрлэхдээ хуурай даавуугаар арчина, угаахгүй. Их шороотой хэсгийг огтолж хаяна.
  • Хатаахад анхаарах зүйл бас бий. Бүтнээр нь хатаавал голдоо өтчихдөг учир мөөгийг нарийн зүсэж, хэлхэж хатаана.
  • Мөөг өтсөн бол хорхойг устгахын тулд буцламтгай халуун усанд булхуулаад усыг нь сэврээ.
  •  Цахилгаан зууханд хатаахдаа мөөгөө жигд тарааж тавин 50 хэмийн халуунд 5-6 цаг болгоно. Сайн хатаагүй бол  60-70 хэм болгоод бүрэн хатаана. Хатааж гүйцсэн мөөгийг гараараа барьж үзэхэд хуурай, амархан үйрч унахгүй хөнгөн байдаг.

Мөөг түүж, мөнгө хийх нь юув, түүж хадгалж нөөцлөн эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх боломжоо бүү алдаарай.

Эх сурвалж: http://www.sonin.mn/news/culture/46084

2019-03-07T14:35:27+08:002019 оны 03-р сарын 07|Зөвлөгөө|