Бөөрөлзгөнө /Rubus l, Малина/

Home/Зөвлөгөө/Бөөрөлзгөнө /Rubus l, Малина/

Бөөрөлзгөнө /Rubus l, Малина/

Сарнайн овгийн таримал ба зэрлэгээр 400 орчим зүйл байдгаас манай оронд 4 зүйлийн сөөгөөр ургадаг жимсгэнэ юм. Шар, улаан янз бүрийн өнгөтэй, 4.3% глюкоза, 6.5% саахароза, 8% фруктоза, 45 мг% С аминдэм, 0.3% каротин, 0.3% аргаах бодис, 0.3% уурагт бодис, В-ийн бүлгийн аминдэм, ацетон, бензальдегид, эфирийн тос, алим, нимбэг, шоргоолжны ба салицил, капроны хүчил, пектин, будагч бодис агуулна. Бөөрөлзгөнө нь хүчиллэг багатай тул амтлаг чанар нь 3.2% хүрнэ. Жимсийг боловсорч гүйцсэний дараа 7-8-сард түүнэ. Түүх үед жимсгэнэ нь маш амархан гэмтдэг. Ялангуяа нойтноор нь хол газар тээвэрлэх, хэт боловсорч зөөлөрсөн жимсгэнийг бороотой өдөр түүх, хатаах арга ажиллагаанд анхааралгүй хандвал хялбархан муудаж хэрэгцээгүй болдог. Жимсийг түүсэн өдөртөө багтааж чанамал, шүүс хийх юм уу элсэн чихэртэй холиод сэрүүн байранд тавьж хадгална. Амт чанар сайтай учраас гол төлөв шинэхнээр нь хэрэглэх бөгөөд жимсгэнэн бүтээгдэхүүн боловсруулахад өргөн ашиглана.

Навч, цэцэг, жимсийг ардын эмчилгээнд судасны хатуурал, цус алдалт, арьс гэмтэх, зовхи нүдний орчмын арьсанд харшил үүсэх үед хэрэглэдэг. Беларус ардын эмнэлэгт энэ ургамлын мөчир зэргийг чанаж, толгойн хаг арилгах, үс сайн ургуулах зорилгоор угааж, шавшиж хэрэглэдэг байна. Шоргоолжны ба салицилийн хүчил нь маш бага хэмжээтэй байдгаас халуурсан үед хэрэглэхэд эмчилгээний үр дүн өгдөг талтай. Эмнэлгийн парктикт жимсийг шинээр нь ба хатааж хэрэглэнэ. Өвслөг навчаар нь дизентери болон гүйлгэлтийг анагаахын зэрэгцээ ханд бэлтгэн ангина, хоолой боох, бачуурах, ханиалгах, төвөнхийн үрэвсэл, нарийн гэдэсний болон амьсгалын замын төрөл бүрийн өвчинийг эмчлэхэд хэрэглэдэг.

Жимсгэнээр энгийн болон чанамал ханд бэлтгэж ходоод гэдэсний үйл ажиллагааг идэвхижүүлэх, бодисын солилцоог эрчимжүүлэх, хөлсний булчирхайн шүүрлийг нэмэгдүүлэх, халуун бууруулах зорилгоор ашиглана. Шээс ялгарлыг ихэсгэх үйлчилгээтэй бөгөөд төвд эмнэлэгт бөөрөлзгөний жимсгэнэ, навч ишийг бөөрний өвчин, халуурах үед хэрэглэх эмийн жорд оруулсан байдаг.

Амьсгалын замын цочмог үрэвсэлт өвчний үед буюу салхинд цохиулахад өвлийн цагт хэрэглэхдээ цайны халбага хатаасан жимсийг аяга буцалгасан халуун усанд хийж халуунаар уугаад, дулаан хучиж хэвтэхэд хөлс гарвал сайн. Мөөгөнцөрдөж хүрэн, тод шаргал толботой болсон навчийг айж ээрэх, багтрах тэмдэг илэрсэн хүмүүст хэрэглэдэг. Шээсний замын чулуужих, бөөрний үрэвсэл, туулайтах өвчний үед бөөрөлзгөнийг хэрэглэж болохгүй.

2016-10-17T22:50:49+00:00 2012 оны 11-р сарын 05|Зөвлөгөө|

Leave A Comment