Өргөст хэмхний хөрс боловсруулалт

Home/Зөвлөгөө/Өргөст хэмхний хөрс боловсруулалт

Өргөст хэмхний хөрс боловсруулалт

Одоогоос 5000 жилийн тэртээгээс хүмүүс өргөст хэмхийг тарьж ургуулж хүнсэндээ  хэрэглэж иржээ. Өргөст хэмх нь зэрлэг амтат гуаны төрлийн таримал юм.

Хөрс боловсруулалт

Өргөст хэмх гуаны овогт багтана. Хэмх дулаан их шаарддаг дулаан орны ургамал юм. Манай оронд гуаны овгийн ургамлаас хулуу, амтат гуа, өргөст хэмх зэргийг хаврын хүйтэн өнгөрсөн хөрс бүлээдсзн хойно  тариалдаг.  Хэмхийг баруун хойт чиглэлийн хүйтэн салхины урсгалаас хамгаалсан хаалттай, өмнө зүг рүү хэвгийдүү сайтар бордож боловсруулсан ялзмагаар баялаг сийрэг чийгэрхэг, гүн хагалсан хөрсенд  таривал сайн ургана.  Тарих талбайг намар 25-27 см гүн хагалж өвөлжүүлээд хавар 1га-д 40-50тн бууцаар бордож хавар дахин 20-22 см гүн хагалж,шороог нь 15-20 см өндөр хамарлаж 1,5 х 2,0 метрийн  харьцаатай шороогоор хашилт  хийнэ.Өргөст хэмхийг үрээр задгай талбайд эсвэл шилэн дарлагад үрслэг хийж тарьж болно. Үүнд эрт ургац авахын тулд эртний сортийн үрслэг хийнэ. Өргөст хэмхийн үндэс газрын хөрсний өнгөн давхаргад хавж байрлах учир уг таримлыг тарих талбайн хөрс үржил шимээр баялаг буюу бууц эрдэс бордоогоор сайн бордож, хөрсний ба агаарын солилцоог сайжруулсан байна. Харин органик шим тэжээлээр баялаг хөрсийг зөвхөн эрдэс бордоо-фосфор, калийн бордоогоор бордож болно.

Үрээр гадаад талбайд шууд тарих

Үрээ сонгохдоо том ширхэгтэй эрүүл үр сонгох нь чухал.

Ил задгай талбайд хэмхийг үрээр шууд тарих эсвэл шилэн дарлагад үрсэлгээ хийж, дараа нь талбайд шилжүүлэн тарих буюу эрт ургац авах шаардлагатай ахул үрсэлгээг хүлэмжинд шилжүүлэн оруулж болно.. Хэмхийг ил талбайд үрээр нь тарих бол 5-р сарын 25наас 6-р сарын5- ны хооронд 1га-д 5-6 кг үрийг эгнээ хооронд 60 см зайтай, үүр хоорондоо 8-10 см зайтаагаар 2-3 см гүнд тарина. Тарихаас өмнө үрийг -2-3° хүйтэнд  2-3 хоног байлгаж таривал ургамал хүйтэнд тэсвэртэй болохын зэрэгцээ эм цэцгүүд эрт олноор үүсдэг. Үүнд 2-3 жил хадгалсан үрийг тарихад эм цэцэг олон гарч их жимс гарах ба олон жил хадгалсан үр тарихад эр цэцэг олноор ургаж жимс бага гарна. Хэдэн жил хадгалсан үрийг +50+60°   дулаан газар 2-3 цаг байлгаж байгаад таривал эм цэцэг олон үүснэ.

Хэмх тарих газрыг хүрзний мөр тултал гүнзгий тогоо хэлбэртэй нүх ухаж, түүн дотроо хуучин бууц, 1 м2 талбайд 6-8 кг ногдохоор шороотой хольж хийгээд дараа нь сайн усалж, дээр нь шигшсэн шороо хийж үрээ суулгаж, шороогоор хучиж.хонхорын захыг тойруулан 25-30 гр эрдэс бордоо хийж болно. Үүнд ил задгай талбайд буюу шилэн дарлагад тарих үрийг бүлээн усанд 24 цаг байлгаж дэвтээгээд дараа нь сайн угааж нойтон марль даавуу эсвэл цаасанд боож нойтон элстэй тавганд хийж даавуу мэтээр битүү бүтээж дулаан байранд 4-5 хонуулж байгаад тарихад жигд түргэн соёолно.

Газрын хөрс +10° хүртэл бүлээдсэн (халсан) үед талбайд тарьж болно. Ургамал өөр хоорондоо 25-35см эгнээ  хооронд 60-70 см зайтай байхаар тарина. Үр тарьж ургуулахад нэг хонхорт 2-3 ш үрийн соёог доош харуулан үр хооронд 1-2см зайтай 1.5-2 см гүнд тарина.  Харин үр соёолж навчилж байгаа буюу 6-р сарын  хоёрдугаар 10 хоногт үе үе гэнэт хүйтрэх учир шөнийн цагаар  нийлэг хальсан бүрхүүл эсвэл шуудай даавуу мэтээр бүтээж байх нь чухал  байдаг.

2019-05-02T17:09:11+08:002019 оны 05-р сарын 02|Зөвлөгөө|

Leave A Comment