Эслэг

Эслэг

fruit-and-vegУргамлын гаралтай хүнсэнд агуулагддаг нийлмэл нүүрс ус болох эслэг нь ургамлын эсийн бүрхүүл цэвэрлээгүй үр тариа, овьёос, ургамлыг үндэс, эрдэнэ шиш, ургамлын тос, жимс, ногоонд байдаг. Эслэг нь уусдаг ба уусдаггүй гэж ангилагдана. Жимс, овьёосонд уусдаг эслэг байхад бусад үр тарианд уусдаггүй нь байна. Боловсрогдоогүй эслэг бүдүүн гэдсэнд хуримтлагдаж биед ашиг тустай нөлөө үзүүлдэг.

Цэвэрлэгдээгүй эслэг ихтэй бүтээгдэхүүн бүхий хоол нь хүний аманд удаан зажлагдаж ходоодонд удаан боловсордог, нарийн гэдсэнд боловсрогдоогүй ихэнх нь ялгадсаар гардаг тул хүн амархан өлсдөггүй.  Эслэг бие махбодод боловсрон шингэхгүй, өөрөөр хэлбэл шимэгддэггүй боловч хоол боловсруулах эрхтнүүдийн гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлж, хоолыг хоол боловсруулах эрхтнүүдэд шат дараалан дамжуулж холестериныг гадагшлуулах үйлчилгээтэй бөгөөд эслэг идэхэд ялгадас том, зөөлөн болох учир өтгөн хатахаас сэргийлэх ба гэдсэнд хорт хавдар, шамбарам үүсэхээс сэргийлнэ.

Эслэгийг хангалтгүй хэрэглэснээр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн багасан өтгөн хатаж биед хортой бодис хуралдан улмаар бүдүүн гэдэсний үрэвсэл үүсч хорт хавдраар өвчлөх нөхцөл бүрддэг. Иймд хар талх, хөх тарианы гурилаар хийсэн бүтээгдэхүүн, лууван, манжин, байцаа, алим зэрэг ногоо, жимсийг хоолондоо байнга хэрэглэж байхыг эмч нар зөвлөдөг, насанд хүрсэн хүн өдөрт 30 гр эслэг идэхэд хэрэгцээгээ хангана.

Эслэг ихээр агуулагддаг хүнсний бүтээгдэхүүнүүд:

  • Улаан буудайн хальстай гурил /хивэг/
  • Шош
  • Самар
  • Хар чавга
  • Чангаанз
  • Үхрийн нүд
  • Үзэм
  • Хад
  • Цангис
  • Тошлой
  • Бөөрөлзгөнө
  • Гурвалжин будаа
  • Арвайн гурил
  • Вандуй
  • Төмс
  • Лууван
  • Байцаа
  • Ногоон вандуй
  • Амтат чинжүү
  • Жүрж
  • Нимбэг
  • Мөөг
  • Хөц будаа
  • Аньс

Бага эслэгтэй бүтээгдэхүүнд:

  • Хар талх
  • Шар будаа
  • Эрдэнэ шишийн будаа
  • Хүрэн манжин
  • Ногоон сонгино
  • Өргөст хэмх
  • Өнгөт байцаа
  • Гүйлс
  • Тоор
  • Лийр
  • Алим
  • Усан үзэм
  • Гадил
  • Бэрсүүт жүрж орно.

Дээд гурилын талх, хүүхдийн будаа, хөндий гоймон, жигнэмэг зэрэгт эслэг хамгийн бага агуулагдана. Зарим бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад эслэг үгүй болдог. Тухайлбал, ургамлын тосыг тунгаах, чихрийн нишингээс чихэр гаргаж авах, улаан буудай, эрдэнэ шиш зэрэг үр тарианы зүйлийг тээрэмдэх, жимс, ногооны хальсыг  авах зэрэгт эслэг нь үгүй болдог.

 Доктор, професор Ж.Октябрь

2016-10-17T22:49:55+00:00 2013 оны 05-р сарын 25|Зөвлөгөө|

Leave A Comment