Шүүс тавих ёсон

Home/Зөвлөгөө/Шүүс тавих ёсон

Шүүс тавих ёсон

uutsМонголчууд цагаан сарынхаа ширээнийхээ нүнжиг болгон тарган иргийн ууц тавьдаг уламжлалтай. Энэ шүүсний бүтцэд бие ууц, хонготой шаант чөмөг, дал, дөрвөн өндөр, сээр багтана. Шүүсийг засан тавихад дараах ёслолыг гүйцээнэ. Эхлээд чанаж болгоод араар нь хэвшүүлж загсаана. Загсаасан ууцныхаа сүвээний хавиргыг хуулна, дараа нь ууцаа дөрвөлжилж өөлөөд , түүхий гурил зуурч тавгандаа байрлуулдаг.  Ийн тавганд тавигдсан ууцныхаа дээр бусдыг нь тавина. Хонгыг шаантаас нь салгаад чөмөгний хальсыг авч шагайтайг нь ууцныхаа сүүлний эсрэг тал руу нь жийлгэн тавиад хонгоо мөн энэ байдлаар байрлуулна. Дөрвөн өндрөө хоёр хоёроор хуваан зүсч ууцныхаа хоёр хажуугаар толгойн талыг нь өөдөө харуулж тавьдаг бол дал, сээрээ мөн ингэж тавьдаг байна. Мэдээж далны мөгөөрсийг авч, булчирхайг нь цэвэрлэх хэрэгтэй. Дөрвөн өндрийнхөө сүвээний хавиргатай залгаатай байсан хэсгээс нь өчүүхэн сэрмэж тавьдаг нь хамаагүй хүн хүрэхээс хамгаалсан хэрэг аж. Ийн битүүний урьд оройдоо зассан ууцандаа шинийн нэгний өглөө гэрийн эзэн болон нас намбатай хүндэтгэлт хүн эхэлж хөндөж, сүүлний зүүн баруунаас сөхөж огтолдог нь нар сар нээнэ гэдэг хүндэтгэлт ёслол юм. Түүнчлэн Шинийн нэгний өдөр ууцыг баруун сүвээнээс нь эхлэн хөндөж галдаа өргөн, бурхандаа тавьдаг уламжлалтай. Цагаан сарын шүүсэнд богино хавирга, богц, залаа чөмөг тавьдаггүй байна.

Та бүхэн Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Монгол хоолны шилдэг жорууд-2

2016-10-17T22:50:26+00:00 2013 оны 02-р сарын 03|Зөвлөгөө|

Leave A Comment