Шар будаа

//Шар будаа

Шар будаа

Хальс, хөврөлийг нь салган авч өнгөлсөн бог будааг шар будаа гэнэ. Шар будаа диаметрээрээ 1.5-1.7мм, цайвар шараас тод шар өнгөтэй бэржгэр гадаргуутай, гурилархаг ба шилэрхэг бие бүтэцтэй, үрлэн хэлбэртэй байдаг. Будааны 60% нь уураг, 85% нь өөх тос, 95% нь нүүрс ус эзэлдэг.  Хүн 100гр шар будааг идэхэд 359 ккал илчлэг өгнө.

Нүүрс ус нь бусад будааныхтай ойролцоо, эслэг нь 2 дахин бага боловч зүрхний булчингийн ажиллагаанд зайлшгүй чухал байдаг калийн давсыг агуулдаг.

Шар будаанд зарим үл орлогдох амин хүчил дутагдалтай тул тэжээлийн үнэт чанар багатайд тооцогдох ба бүрэлдхүүнд нь ханаагүй тосон хүчил их байдгаас болж хадгалалтад тэсвэр муутай.

Хамгийн сайн чанарын шар будаа хурц тод шар өнгөтэй, шилэнцэр бүтэцтэй, том ширхэгтэй байна. Мөн чанараар нь дээд, нэг, хоёр гэж зэрэглэж, боловсруулалтаар нь хальсархаг ба үрж өнгөлсөн гэж ангилна.

Үрж өнгөлсөн шар будаа нь ялигүй бэржгэр, гурил бүрхсэн гадаргуутай, хальсгүй, хөврөл байсан газартаа гүн хонхортой байна.

Хальсархаг шар будаа гэдэг нь жимслэг болон үрийн хальс, хөврөлөө хэвээр хадгалах бөгөөд гялалзсан гөлгөр гадаргуутай, төвгөр хөврөлтэй байдгаараа онцлог юм. Будааны тослог нь амархан исэж, гашуун болдгоос удаан хугацаагаар хадгалж болдоггүй. Ялангуяа шар будааны гашуувтар амтыг нь багасгахын тулд сайтар угаах хэрэгтэй.

Шар будаа 40-50 минутанд болж 6-7 дахин өсөх ба агшаамал нь өнгө, амт, бие бүтэц сайтай, тэжээллэг чанараараа гурвалжин болон цагаан будаанаас муу, уураг их байдаг боловч чанар багатай. Хэт таргалсан болон хоол боловсруулах эрхтний ажиллагаа муудсан, ходоодны хүчил ихэдсэн хүмүүс шар будааг хэрэглэхгүй байвал зохино. Ахимаг насны хүмүүс 7 хоногт 1-2 удаа гурвалжин будаа юм уу, шар будааны каша хэрэглэвэл илүү зохимжтой.

2016-10-17T22:51:04+00:00 2012 оны 08-р сарын 04|Зөвлөгөө|

Leave A Comment