Хүнсний нэмэлт гэж юу вэ?

//Хүнсний нэмэлт гэж юу вэ?

Хүнсний нэмэлт гэж юу вэ?

foodХүнсний бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, хадгалалтын хугацааг уртасгах зорилгоор үйлдвэрлэлийн тодорхой үе шатанд зохих хэмжээгээр нэмдэг байгалийн гаралтай болон химийн аргаар нийлэгжүүлж гарган авсан бодисуудыг Хүнсний нэмэлт гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл хүнсний нэмэлт нь бүтээгдэхүүн дахь гадны бодис юм. Хүнсний нэмэлтүүд нь тэжээллэг чанаргүй бөгөөд зөвхөн технологийн зорилгоор багаар хэрэглэдгээрээ хүнсний бүтээгдэхүүнээс ялгаатай юм. Сүүлийн үед өндөр хөгжилтэй орнуудад үйлдвэрлэсэн биологийн идэвхит хүнсний нэмэлтүүдийг сүлжээний бизнесээр дэлхийн олон оронд борлуулж сурталчилгаа идэвхжсэнээр хэрэглэгчдийн тоо нь түргэн хурдацтай өсөх хандлагатай байна .Харин сувиллын болон хүүхдийн зориулалттай хоол хүнсэнд хүнсний нэмэлт хэрэглэхийг хориглодог. Мөн түүхий эдийн боловсруулалтын буруу ажиллагаа, доголдлыг нуун далдлах, бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдвэрлэх, биологийн үнэт чанарыг нь бууруулахад ашиглахыг хатуу хориглосон байдаг. Үүнээс гадна мах, сүү, гурил, талх зэрэг гол нэр төрлийн хүнс ,хүнсний бүтээгдэхүүнд хүнсний будаг хэрэглэхийг хориглосон байдаг. Дэлхийн эрүүл мэнд /WHO/, ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГА /FAO/ – ын хүнсний нэмэлтийн чиглэлээр байгуулсан тусгай хорооноос гаргасан баримт бичигт хүнсний нэмэлтийг дараах зорилгоор хэрэглэж болохыг зөвшөөрчээ.

Үүнд:

  • Хүнсний бүтээгдхүүний өнгө үзэмжийг сайжруулах
  • Хүнсний бүтээгдхүүний тэжээллэг чанарыг алдагдуулахгүй байх
  • Хадгалалтын хугацааг уртасгах
  • Түүхий эд материал, бүтээгдэхүүний алдагдлыг багасгах
  • Боловсруулалтын технологийг хөнгөвчлөх, өртгийг хямдруулах
  • Технологи ажилбарыг хурдавчлах

Хүнсний бүтээгдэхүүний үнэр нь хамгийн мэдрэмтгий эрхтнүүдийн нэг болох салст бүрхэвчийг цочроож шүлс, ходоодны шүүсийг ялгаруулж дотоод шүүрлийн булчирхайнуудад нөлөөлөх замаар хоол боловсруулах эрхтэн системийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Иймд хүнсний бүтээгдхүүний үйлдвэрдлэлд төрөл бүрийн үнэрт бодисуудыг байгалийн гаралтай түүхий эдээс гарган авсан охь, ханд, эфирийн тос, өтгөрүүлсэн шүүс болон зохиомлоор нийлэгжүүлж гарган авсан химийн нэгдлүүдийн хэлбэрээр өргөн хэрэглэж байна.Түүнчлэн ихэнхи хүнсний бүтээгдэхүүний найрлага дахь будагч бодисууд нь гол төлөв тогтворгүй нэгдлүүд байдаг учир дулааны боловсруулалт хийх, хадгалах явцад амархан хувирч өөрчлөгдөн улмаар бүтээгдэхүүний гадаад өнгө үзэмжийг муутгадаг.Иймд будагч бодисуудыг хэрэглэх  шаардлага  гарчээ. Гэхдээ будагч бодисуудын аюулгүй болохыг нь нотолгоожуулсны дараа хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрдөг.Ер нь эрүүл ахуйн үүднээс будагч бодисуудыг огт хэрэглэхгүй байх нь зүйтэй гэж үздэг байна. Ундаа,чихэр, жимсний чанамал, компот, хуурай кисель, хүнсний концентрацууд, ногоо,жимсний нөөшний үйлдвэрлэлд хүчиллэг аятайхан амтыг бий болгох зорилгоор органик болон органик биш хүчлүүдийг хэрэглэдэг.

Мах,сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт нөөшлөлтөнд хамгийн өргөн хэрэглэдэг хүнсний нэмэлтүүдэд сонгино, сармис, чинжүү, гич гэх мэт ургамлаас гадна нитрат ,нитрит , пропионы хүчил, сорбины хүчил,с ульфидууд орно.

Хүнсний нэмэлт бүр англи хэлний “Хүнсэнд хэрэглэж болно” гэсэн утгыг илэрхийлэх /E/ үсэг, 3-4 орон бүхий тоон кодтой байх ба энэ нь бүтээгдэхүүний шошго дээрх мэдээлэлд заавал бичигдсэн байх ёстой.

Өнөөгийн байдлаар хүнсэнд хэрэглэж байгаа хүнсний нэмэлтүүдийг дотор нь:

  • Будагч бодисууд /Е 100-199/ индекстэй
  • Нөөшлөгчүүд /Е200-299/
  • Исэлдэлтийн эсрэг болон хүчил тохируулагчид  /Е300-399/
  • Өтгөрүүлэгчид,тогтворжуулагчид,цийдмэгжүүлэгчид /Е400-499/
  • Хөөлтийн эсрэг бодисууд,PH тохируулагчид  /Е500-599/
  • Амт сайжруулагчид/Е600-699/
  • Бусад нэмэлтүүд  /Е900-999/
  • Нэмэлт бодисууд /Е1100-1599/ гэж ангилдаг байна.

Гэр гэртээ тогооч сэтгүүл №04 /2013/

2016-10-17T22:49:52+00:00 2013 оны 06-р сарын 07|Зөвлөгөө|

Leave A Comment