Хүнсний ба хортой мөөгнүүд

//Хүнсний ба хортой мөөгнүүд

Хүнсний ба хортой мөөгнүүд

Манай орны ой хөвч, тал хөндий, уул, баян бүрдийн ойролцоо нутгаар хүнсний төрөл бүрийн мөөг ургадаг. Тайгын бүсэд ургадаг хусны хүрэн, улиангарын улаан, тослог шар, сархиаг, дөндгөр, хусны шар гэх мэтчилэн олон зүйлийн мөөг нь аль ч улсад хүнсэнд түгээмэл хэрэглэгддэг байна.  Эдүгээ мөөгний 500 гаруй зүйл мэдэгдээд байна. Үүнээс манай оронл 150 гаруй төрөл нь байдаг байна. Иймээс эдгээр олон зүйлийн мөөгний учрыг мэдэхгүйн улмаас ашигладаггүй нь нэг ёсондоо асар их хэмжээний үнэт аминдэм, уургийн нөөцийг ашигдахгүй үрэгдүүлж байгаа хэрэг юм. Ойн хүрэн, хусны мөөг, тослог шар зэрэг мөөгнүүдэд байгаа уургийн хэмжээ махныхаас их байдаг. Харин уургийн бодисууд мөөгний малгайны хэсэгт их, ишинд бага байдгийг анхаарах нь зүйтэй. Уургийн бодисын дотор чөлөөт амин хүчлүүд лейцин, тризон, гистидин, аргинин 1% орчмоор байдаг.  Мөн сахароспирт, гликоген, целлюлоз агуулдаг харин эрдэс бодисын агууламжаар жимстэй ойролцоо. Мөөгний эрдэсийн бараг тал хувийг кали, дөр.өвний нэгийг фосфор эзэлдэг бол кальцийн агууламж нь загасны махтай дүйнэ. Түүнчлэн зэс, иод, цайр, мышьякаар баялаг. Мөөг бас В төрлийн ялангуяа В,, В2 болон РР амин дэмийг харьцангуй их агуулна. Харин мөөг хөгшрөх тусам эдгээр амин дэмийн хэмжээ 2-3 дахин буурна. В2 амин дэмийн агууламжаар хөх тарианы талх, төмс, сүүнээс 10-13 дахин илүү, Д амин дэмийн найдвартай эх үүсвэр болдог. Хортой мөөг түүж болзошгүй тул зөвхөн сайн мөөгийг түүвэл зохино. Хөгшрөөгүй, хөгцөрч муудаагүй, норж шолбойгоогүй, биелэг хатуувтар мөөгийг сонгоно. Нэг хүрээний мөөгийг бүгдийг түүж болохгүй. Мөөгийг өдрийн аль ч цагт түүх боловч өглөө эрт шүүдэр эгшихээс өмнө түүх нь тохиромжтой. Учир нь энэ үед мөөг биелэг нягт байх тул амархан хагарч гэмтдэггүй юм. Түүхдээ шилбэнээс нь барьж мушгих маягаар хөдөлгөн зөөлөн татаж юмуу, эсвэл мөөгний шилбийг малгайнаас доош 1см орчим газраас дээгүүр хурц хутгаар огтолж авна. Харин сугалж авсан бол мөөг байсан газар шилбэнийх нь шороог унагаж , ором хонхорыг нь шороогоор дүүргэж булах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, мөөгийг зулгааж, үндсийг хамаагүй эвдэн авч болохгүй. Ингэж зулгааж авсан газарт мөөгөнцөр нь гэмтэж дараа жил нь тэнд мөөг ургадаггүй.

Хортой мөөгийг хэрхэн таних бэ?

Хортой мөөгний үндэс уут хэлбэртэй, шилбэ харьцангуй нарийхан, шилбэндээ мэдэгдэм үе мэт салбантай, малгайн дээд гадаргууд өөр өнгийн толботой, найрлага бүтцэндээ антибиотик бодис их хэмжээгээр агуулдаг тул бараг өтдөггүйн дээр эвгүй үнэртэй байдаг. Эдгээр онцлогоороо хоргүй мөөгнөөс ялгагдах боловч хүнсний зарим мөөг хортой мөөгтэй гадаад байдлаараа адил байх бий. Хамгийн хялбар аргаар ялгахдаа уул мөөгнийхөө малгайн хэсгээс 1-3см зузаан хэрчмийг зүсэн авч сонингийн цаасан дээр тавьж норсон хэсгийг балын харандаагаар тойруулан тэмдэглэж үүссэн толбыг хатсаны дараа уул толбон дээр шингэрүүлээгүй давсны хүчил дусаахад цэнхэр хөх өнгө өгнө. Энэ нь мөөг хоргүй шинж юм. Харин хөх ягаан, ягаавтар өнгөн дээр улаан толбо үүсвэл мөөгийг хортой гэж үзэж хүнсэндээ хэрэглэж болохгүй. Хортой мөөгнөөс хамгийн аюултай нь хорон цагаан / Amanita phalloides/. Энэ мөөг фоллоидин хэмээх хүчтэй хор агуулдаг, мөөгийг 100 хэмд боловсруулсны дараа ч хоруу чанараа хадгалсан хэвээр байдаг. Энэ мөөгийг хэрэглээд хордсон 100 хүний 90 нь нас бардаг. Хорон цагаанаас гадна эл төрлийн алаг болон улбар ялхор /Amanita muscaria, Amanita pantherina/ ч хүний бие махбодийг хордуулах аюултайг тогтоосон.

 Эх сурвалж: Д.Нямдаваа “Байхгүй юмгүй ном”-оос

2016-10-17T22:50:52+00:00 2012 оны 11-р сарын 01|Зөвлөгөө|

Leave A Comment