Хусны шүүс

//Хусны шүүс

Хусны шүүс

Хусны шүүс нь хүнс тэжээлийн өндөр ач холбогдолтой гайхамшигт ундаа юм. Түүний бүрэлдэхүүнд аминдэм, фермент, органик хүчил, бичил махбодь, нүүрс ус, микробыг эсэргүүцэх идэвхт чанартай бодис агуулагдах тул квас, чихэрлэг шимүүс (сироп) хийхэд тохиромжтой.  Хусны шүүсийг хавар эрт 5 сарын эхээр эсвэл дундуур навч нь дэлгэрээгүй үед юм уу, мөчир нь дөнгөж нахиалж байх үеэр авах хэрэгтэй. Энэ үед шүүс хамгийн их ялгарна. Шүүсийг авах хус нь бүдүүн голчтой, эрүүл байх шаардлагатай. Ийм мод шүүс илүүтэй байдаг ба өвчилж гэмтэх нь бага байдаг.

Шүүсийг гарган авах арга:

Модны хамгийн доод талын мөчрийн дээхэн талд ёзоороос ойролцоогоор 1.5-2 метрийн өндөрт нүх гаргана. 1см голчтой, 3см орчим гүн нүхийг ташуу өрөмдөх эсвэл холтосыг гурвалжин хэлбэрээр зүсч, гаргасан нүхэндээ нарийхан гуурс юм уу эсвэл цорго зооно. 3-5 литрийн бортгон буюу шилэн саванд тосч 6-12 цагийн турш гоожуулан гарган авна. Шүүс ялгарч дуусангуут, нүхийг модоор (хусаар) бөглөж, шавраар чигжинэ.

Хэрэглэх арга:

Шүүсийг аминдэмт ундаа болгон хэрэглэнэ. Харин шүүсийг консервлохдоо шүүсэндээ жингийн 10%-тай тэнцэх саахар, бага зэрэг нимбэгийн хүчил хийгээд сайн хутгаж, сахарыг уустал буцалгана. Дараа нь савлаж, 90°С-ын халуун усанд 15мин ариутгана.

Ердийн аргаар хэрэглэх үед: хусны шүүсийг самбаагаар шүүгээд, ямар ч хольц нэмэлгүй шууд савлан, зориулалтын таглаа буюу даавуугаар сайн таглаж, ердийн тасалгааны хэмд (10-15°С) хадгална. Гурваас дөрөв хоногийн дараа шүүс исэлдэж, амт нь суларч булингартана. Исэлдэлт үргэлжилж явагдсаар 2-3 долоо хоногийн дараа шүүс маань исгэс шиг сайхан, исгэлэн амт, үнэртэй болсон байна. Ингээд бэлэн болсон ундааг зуны улиралд сэрүүн газар хадгалж хэрэглэнэ.

Хусны исгэсийг хийхэд маш цэвэр нямбай ажиллах шаардлагатай!

Хийх шил, баглаа боодлыг сайн угааж, цэвэрлэж, ариутгасан байх шаардлагатай. Хамгийн гол нь исэлт явагдаж эхлэх үеэс л савны амсраар өрөм тогтохоос болгоомжлох хэрэгтэй. Хусны шүүс нь малын сүүн чанарын, түүний гарцыг нэмэгдүүлэхэд болон зөгийн тэжээлд онцгой чухал зүйл болдог.

2016-10-17T22:50:59+00:00 2012 оны 09-р сарын 11|Зөвлөгөө|

Leave A Comment