Хоолны амт

//Хоолны амт

Хоолны амт

65656Монгол хэлний тайлбар толь бичигт “амт” гэдэг үгийг аливаа юм хэлний салст бүрхэвчийг цочроосны үр дүнд үүсэх таатай сэрэл хэмээн тайлбарлажээ. Гэхдээ монгол хэлний үгийн санд энэ үг зөвхөн амтлах мэдрэхүйгээр тодорхойлогдох шинжийг төдийгүй өөр олон тооны утгыг илэрхийлдэг. Гэвч зөвхөн хоол, хүнсний амтын талаар товчхон өгүүлье. Амтыг шинжлэх ухааны үндсэн дээр анх ангилсан хүн бол их эрдэмтэн М.В. Ломоносов юм. Тэрбээр 1752 онд тодорхой амт дотроос хамгийн гол гэж үзсэн 7 амтыг дараах байдлаар тодорхойлжээ.

  1. Цууных шиг эсгэлэн
  2. Дарсных шиг эхүүн
  3. Зөгийн балынх шиг нялуун  (чихэрлэг)
  4. Давирхайных шиг гашуун
  5. Давсных шиг шорвог
  6. Зэрлэг луувангийнх  шиг хурц
  7. Болоогүй жимснийх шиг хүчиллэг

Харин бидний өвөг дээдсийн хувьд улирлын онцлогт тохируулан хоолны нарийн дэглэм сахихын сацуу зургаан амтын гүйдлийг эзэмшихэд  ямагт анхааран хоол ундаагаа тохируулж ирсэн уламжлалтай бөгөөд амтыг дараах байдлаар тайлбарласан байдаг. Үүнд:

Халуун амт нь цус, хийн гүйдлийг идэвхжүүлж, хийн бөглөрөл, цусны бүлэгнэлийг арилгадаг сайн талтай ч аливааг сэдрээдэг учир хэтрүүлж хэрэглэвэл уушгины хийг хөөрүүлж, сувгийг хорсгодог тул тохируулж хэрэглэх, ходоод гэдэсний шархлаа, өтгөн хатах, шамбарам, шээсний сүвний үрэвсэл эмгэгтэй хүмүүс болж өгвөл хэрэглэхгүй байх нь зүйтэй гэж үздэг ажээ.

Исгэлэн амттай идээ нь элэгний үйл ажиллагааг идэвхжүүлж, зарим өвчнөөс сэргийлдэг сайн талтай ч хэтрүүлж хэрэглэвэл хоол боловсруулах эрхтнийг хямруулдаг. Ер нь ходоодны хүчил ихэдсэн, үе мөч, бөөрний эмгэг үрэвсэлтэй хүмүүст исгэлэн амттай хоол зохих нь муу байдаг. Исгэлэн, эхүүн амттаныг  хэтрүүлж хэрэглэвэл шээс хаагдаж, шөрмөсөнд буух тул ийм эмгэгтэй хүмүүс  идэхийг цээрлэвэл зохилтой хэмээн үздэг байна.

Гашуун хуурай амт нь хөөрлийг намжаах, шээс туух үйлчилгээтэй ч хэтрүүлж хэрэглэвэл зүрх дэлсэх, дотор муухайрах шинж тэмдэг илэрч, арьс хөрс хатингаран үс зулгарах, улмаар арьс махны шим тамир хөөгдөж зүрхэн тамирыг хоосруулдаг сөрөг талтай хэмээн тайлбарладаг байна.

Шорвог амт нь хүний биеийн цус хөлсөнд зайлшгүй шаардлагатай ч хэтрүүлж хэрэглэвэл ясны шим тамир хохирон шим шүүс барагдах, судас хатуурах, ам цангах муу нөлөөтэй тул ялангуяа зүрх, бөөрний эмгэг, цусны өвчтэй хүн энэ амттаныг багаар тохируулж хэрэглэх нь зүйтэй гэж үздэг.

Амтлаг буюу чихэрлэг амт нь хий цусыг төлжүүлэх, мах булчинг тайвшруулах, хордлого тайлах үйлчилгээтэй ба харин хэтрүүлбэл аюулхай цээж дүүрч, агшиж огшуулах, өнгө зүс харлан бөөрний тамир алдагдаж яс эвэршин гэзэг үс халцардаг, хэт таргалах, чихрийн шижин өвчин үүсэх сөрөг нөлөөтэй болохыг ямагт анхааруулдаг байжээ.
Амтыг мэдрэх мэдрэхүйн хурд адилгүй. Мэдрэгдэх дараалал нь эхлээд:
1.    шорвог
2.    чихэрлэг
3.    исгэлэн
4.    гашуун
Өөрөөр хэлбэл хүний хэл давсны амтыг хамгийн түргэн мэдэрч, харин гашуун амттай давирхайны бохийг нэлээд хожуу мэдэрдэг гэсэн үг. Харин  хүнс хоолны зүйлд нийлмэл амт агуулагдаж байгаа бол эхлээд:
1.    эсгэлэн-чихэрлэг
2.    эсгэлэн-шорвог
3.    эсгэлэн-гашуун амт дараалан амтлагдана.

oktyabri.niitlelch.mn-с

2016-10-17T22:47:29+00:00 2015 оны 03-р сарын 21|Зөвлөгөө|

Leave A Comment