Хадаг барих ёсон

//Хадаг барих ёсон

Хадаг барих ёсон

hadagМонголчууд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чимгээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байдаг. Хээ чимгийн байдлаар хүний үрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, сар, үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэдэг байна. Хадгийг барих хүн рүүгээ амыг нь харуулж эрэмбээр мэхийх юм уу, сөгдөж барина. Авах хүн хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямгадах ёстой. Мөн хадагтай золгох ёс бий. Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий. Хадаг барьж золгох ёсонд дүү нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулсан чигээрээ золгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та “энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна” гэж бодоорой.

Таван өнгийн хадагийн мөн чанар

Таван өнгийн хадаг-ийг хадгалах нь буян тогтоож баян чинээлэг, гай гарзгүй, энхтүвшин явахыг билгэддэг. Таван өнгийн хадгийг дараах зан үйлийг бүтээхэд зориулан ашигладаг байна.

Цагаан хадаг:

Эхийн сүүний өнгөтэй, сэтгэл ариун, бодь сэтгэлтэй, өглөгч буянтай. Харанхуйг, гийгүүлдэг амирлангуйн өнгө учир өвчин, барцад, ад, тотгор, хулгай дээрмийг арилгах, санасан зүйлийг бүтээхэд билгэшээдэг.

Шар хадаг:

Аливаа муу бүхний зайлуулж, цог золбоо, нас буян, төгс эдлэл, яруу алдар, шашны язгуур үндсийг шинийн сар мэт дэлгэрүүлэх үйлийг бүтээнэ.

Улаан хадаг:

Гал голомт бадран дээшлэхийн билгэдэл. Ертөнцийн есөн хүслийг бүрдүүлэх бүх зүйлийг өөртөө буюу наашаа хураах үйлийг бүтээнэ.

Цэнхэр хадаг:

Мөнх тэнгэрийн өнгө, амар тайваны билэгдэл, алив хорлол үйлдэх хортон дайсан бүгдийг гэсгээн цээрлүүлэх үйлийг бүтээнэ.

Ногоон хадаг:

Дэлгэрэн арвижихын бигэдэлтэй. Дээрх билэгдлүүдийг бодож хадгийг аргамж, сур, усгүй хар архины хамт хадгалдаг бөгөөд аргамж, сур нь малын заяа тогтоох, архи нь бусад бүх буян тогтооно гэсэн санаагаар сүслэн хадгалж иржээ. Ийн үүднээс архи хадаг хоёрыг цуг халгалваас эд мөнгө тогтох, амар тайван амьдрах билгэдэл оршино хэмээдэг байна.

24tsag.mn

2016-10-17T22:47:37+00:00 2015 оны 02-р сарын 17|Зөвлөгөө|

Leave A Comment