Улаалзгана

//Улаалзгана

Улаалзгана

Манай орны ойн ба ойт хээрийн бүсийн салбар зарим уулсаас эх авсан гол, горхины сав дагуу, өвөр энгэрийн хад асга ихтэй газраар 0,5-2м хүрч элбэг ургадаг сөөгөнд ургадаг /улаан улаагана,Ribres rubrum L, Смородина красная/ жимс. Тод шүдэрхэг ирмэгтэй, 3-5 салаагаараа цуулбарлагдсан дээд тал нь нүцгэн, ар тал нь үслэг, хар ногоон өнгийн хайрслаг навч нь мөчир дээрээ цувж байрлана. Ногоовтор өнгийн жижиг цэцэгнүүд нь бөөгнөрч байрлан унжмал залаа баг цэцгийг үүсгэнэ. 6-р сарын сүүлээр цэцэглэж, үр жимс нь 7-8-р сард боловсорч 8-11 мм-н голчтой болох бөгөөд боловсорч гүйцсэний дараа 3-4 хоноод унаж эхэлнэ. Жимсгэнэд С аминдэм 16,2-21мг%, навчинд 296,0-373мг% хэмжээтэй агуулагдах ба амтлаг чанар нь 1,5, B:PP:A зэрэг аминдэм, кали, төмөр, нимбэг, алимны болон бусад органик хүчлүүд, аргаах бодис байдаг. Жимсний бүрэлдэхүүнд нь чихэр, аминдэм, органик хүчиллэг бодис 4,2% хүртэл хэмжээгээр агуулагддагаас хүнс тэжээл, эмнэлэгт өргөн хэрэглэнэ. Боловсорч гүйцсэний дараа унахгүйгээр ишиндээ удаан хадгалагдах учир үхрийн нүднээс ялгагдах онцлогтой.Шүүс ихтэй учраас ундааны зүйл, амтлаг дарс бэлтгэхэд чухал түүхий эд болдог. Гүйцэд боловсорсны дараа аминдэм, органик хүчил агуулсан чихэрлэг сайхан амттай учир түүж шинээр нь хэрэглэх буюу чанамал, бүржмэл, чихэр, нухаш, кисель, ундаа, шүүс, ханд зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ардын эмнэлэгт улаалзганы жимсгэнээс ханд бэлтгэж шээс ялгаралтыг ихэсгэх, хөлөргөх зорилгоор халуурах, салхинд цохиулах, уушги бөөрний өвчний үед хэрэглэдэг байна. Төвд эмнэлэгт улаалзганы жимсгэнийг ихэвчлэн уушгины өвчнийг эмчлэх жүр-үрийн оронд эмийн найрлаганд оруулан хэрэглэж байжээ. Жимсгэнээс хандыг бэлтгэж шээс ялгаралтыг ихэсгэх, хөлөргөх мөн халуурах, салхинд цохиулах, уушги, бөөрний өвчний үед хэрэглэдэг. Навчийг төл малын бие махбодийг аминдэмээр хангах, ходоод, гэдэс, амьсгалын замын элдэв өвчнүүдийг эмчлэх, сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Эх сурвалж: Д.Нямдаваа “Байхгүй юмгүй ном”-оос

2016-10-17T22:50:52+00:00 2012 оны 11-р сарын 01|Зөвлөгөө|

Leave A Comment