Төмс ургуулах арга

//Төмс ургуулах арга

Төмс ургуулах арга

Төмс бол хүнс тэжээлийн чухал ногоо бөгөөд дуут гурил, пүнтүүз, бурамт спирт үйлдвэрлэхэд үндсэн түүхий эд болдог. Төмсөөр 700 орчим нэр төрлийн хоол бэлтгэж болно. Ардын эмнэлэгт төмсний шүүсийг ходоодны ужиг үрэвсэл, ходоод ба 12 хуруу гэдэсний шарх, яршлыг эмнэхэд хэрэглэдэг.

Манай оронд эрт болцтой Приекульский ранний, Астила, дунд оройн болцтой Берлинхинген, Лорх шийр-6, Завхан-35 зэрэг сортууд тарьдаг.

Талбай сонгох, хөрс боловсруулах :

Төмсөнд үржил шимтэй элсэнцэр хөрс нэн тохиромжтой. Үүнээс гадна наранд ээвэр, услах боломжтой талбайг сонгоно.

Үрийг тарихад бэлтгэх :

Эрүүл, гэмтэлгүй 50-80 гр жинтэй булцууг сонгон авч тарихаас 20-30 хоногийн өмнө төмсийг гэрэл гэгээтэй, дулаан байранд оруулж 2-3 үеэр дэлгэж 3-4 хоногт эргүүлж соёолуулна. Соёо нь бүдүүн ногоон өнгөтэй 0.5-1 см болсон үед тариална.

Тарих хугацаа, арга:

Хөрсний 10 см гүнд 7 хэм дулаан болсон үед буюу 4-р сарын 25-аас 5-р сарын 5-ны хооронд эгнээ хооронд 50-60 см, ургамал хооронд 20-25 см зайтайгаар 10м2 талбайд дунджаар 3кг булцууг усалгаатайд 8см, усалгаагүй нөхцөлд 10-12 см гүнд суулгана. Гараар тарьж буй нөхцөлд үүрэнд нь 2 атга бууц, нэг цайны халбага азотын бордоо, эсвэл 2 атга аргалын үнсээр бордож хөрстэй нь сайн хольж өгнө.

Хэрхэн арчлах вэ?

Хөрсийг ухаж үзэхэд ургамлын үр ургаж цагаан соёо гарч байвал хөрсийг 5-15 см гүнд 2-3 удаа сийрүүлж өгнө. Төмсийг 1м2 талбайд 25-30 л орохоор тооцоолж 3-4 удаа услахад ургац ихээхэн нэмэгддэг. Цухуйлтаас хойш гэнэтийн цочир хүйтрэлт болохоор бол төмсийг гялгар хальсан бүрхүүл болон өвсөөр хучих, услах, манах ажлыг хийнэ. Эхний маналтыг ургамал 15-18 см болсон үеэр, 2-р маналтыг эгнээ хоорондын зайг навч бүрхэхээс өмнө буюу бундуулалтын үед нь төмсний төмсний өндрийн гуравны хоёрыг шороогоор манаж өгнө. Цэцэглэлтээс хойш ямар нэгэн ажиллагаа хийдэггүй.

Хураалах үе :

Эртийн төмсийг цэцэглэлт нь дуусч доод талын навчнууд нь шарласан бутнуудыг түүвэрлэн хураана. 1м2 –аас 3-5кг төмс хураана.

2016-10-17T22:51:04+00:00 2012 оны 08-р сарын 08|Зөвлөгөө|

Leave A Comment