Төмсний тухай

//Төмсний тухай

Төмсний тухай

potatoeТөмсний уугуул орон нь Чили, Перу зэрэг улсын уулархаг нутаг гэж үздэг. Христофер  Колумб анх Америк тивийг нээсний дараа Испани, Португалийн олон мянган далайчид олз хайн Америкт ирж байсны нэг болох Гонсало де Кесадагийн удирдсан байлдааны экспедицийн хүмүүс  1536-1537 онд одоогийн Перу улсын нутаг буюу тэр үеийн индианчуудын амьдарч байсан Сорокота гэдэг тосгоноос анх төмсийг олж нээжээ. Тэр үед төмс нь индианчуудын тахиж шүтдэг зүйлийн нэг байсан байна. “Газрын алим”, “Жимс” хэмээн анх нэрийдэж байсан төмсийг Европчууд эхэн үедээ хэрэглэж мэдэхгүй, түүхийгээр нь амсаад гашуун гэж үздэг байсан тул цэцэрлэгжүүлэлтийн чимэглэлд зориулан тариалж байжээ. Харин 16-р зууны үед /1585он/ Чили улсаас тарималжуулсан төмсийг Испанид зөөвөрлөн авчирч  хүнсний хэрэгцээнд ашигласны дараа бараг 100-аад жил болсны эцэст эхлээд Италид нэвтэрч хожим нь Англи, Герман, Польш, Франц, Орос зэрэг улс өөрсдийн нутаг дэвсгэрт тариалж эхэлжээ. Төмс нь аминдэм, эрдэс бодисоор баялаг хүнс юм.

Төмсөөр хоол хийхэд анхаарах зүйл

  • Төмс чанах шингэнд лаврын навч, сармис эсвэл холимог тос /маргарин/ нэмбэл сайхан амттай болно.
  • Төмсийг хальстай нь чанаж болговол аминдэмээ алдах нь бага байдаг. Ер нь төмсний чанарыг алдагдуулахгүй түргэн болгох хамгийн сайн арга бол ууранд жигнэх, тагтай саванд зөөлөн галаар чанах юм.
  • Төмсийг сайтар халаасан тостой саванд шарах нь тохиромжтой. Учир нь төмсөнд сайхан хайрагдас тогтоно. Харин шарсан төмсийг хайрагдас сайтар тогтсоны дараа давсаар амт тохируулах хэрэгтэй. Хэрэв урьтаж давсалбал төмсний шүүс ялгарч тостой холилдон хайрагдас тогтохгүй бөгөөд хэрчилтийн хэлбэр дүрсээ алдаж амт, өнгө нь муудна.
  • Төмсний нухашийг амтлаг, сэвсгэр болгохын тулд халуунаар нь нухсан төмсөн дээрээ цөцгийн тос нэмж зөөлөн хутгах явцдаа халуун сүү бага багаар нэмж модон халбага эсвэл цэвэрхэн гулуузаар бяцлан жигд хутгах хэрэгтэй.
  • Бэлэн болсон төмсний нухашыг түр хадгалахдаа дээгүүр нь хайлуулсан цөцгийн тос шүршвэл дээгүүрээ өрөмтөж хатахгүй.
  • Хальслаад бүтнээр нь чанаж болгосон төмс цэвэр жингийнхээ 3 хувийг, хэрчиж бага тосонд шарсан төмс 31 хувь, их тосонд шарсан төмс 36-50 хувь, нимгэн хавтгай чипс маягаар хэрчиж шарсан төмс 60 хувийг алддаг байна.
  • Төмсийг гадил, анар жимстэй нэг дор хамт идэх нь зохимжгүй.
  • Хальсалсан төмс чанасан ус, шүүсийг асгаж хэрэггүй. Учир нь төмсөнд агуулагддаг ашигтай бодис шингэсэн байдаг.

Гэр гэртээ тогооч сэтгүүл №01 /2013/

2016-10-17T22:50:23+00:00 2013 оны 02-р сарын 07|Зөвлөгөө|

Leave A Comment