Сүүний эмчилгээ

Home/Зөвлөгөө/Сүүний эмчилгээ

Сүүний эмчилгээ

mmcМалын сүү хүний биеийн дархлааг сайжруулдаг учраас эмчилгээнд өргөнөөр хэрэглэж байна. Ялангуяа ямааны болон гүүний сүүний талаар манай эрдэмтдийн хийсэн судалгаа шинжилгээний ажил олон бий. Энэ бүтээлүүд сүү саам нь эмчилгээний амин дэмээр баян тул аливаа өвчнийг анагаах увидастай хүнсний үнэт тэжээл гэдгийг олноор хүлээн зөвшөөрч байна. Ямааны сүү болон гүүний саамыг хаврын сүүл сараас зун дуустал 10-14 хоногт сайн үр нөлөө үзүүлнэ гэж үздэг. Саам ууж байхад эхний нэгээс хоёр долоо хоногт гүйлгэх нь хэвийн үзэгдэл гэж үздэг. Монгол хүний хурц хараа, танан цагаан шүд нь эрүүл агаар болон хоол хүнсэндээ сүү цагаан идээ байнга хэрэглэдэгтэй холбоотой.

Монголчууд эртнээс өөрийн нутгийн цаг агаар жилийн дөрвөн улиралд зохицуулан идээ ундаа явдал мөрөө зохицуулж сурсан. Таван эрдэнэ мал сүргээ өсгөн үржүүлж айл бүрийн эзэгтэй нар элгэн тараг, ээдэм, ааруул, өрөм, тос зэрэг цагаан идээгээ гар гарган амт чанартай бэлтгэдэг. Европ чиглэлийн оронд ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд олон хүний хүч хөдөлмөр техник шаардана. Харин монгол эзэгтэй нар галаасаа холдолгүй байж байгаад цагаан идээний үйлдвэрлэлээ явуулдаг. Энэ бүхнийг хийхэд нутаг бүрийн онцлог, эзэгтэй бүрийн арга ухаан өөр өөр байдаг ч гарын идээ буюу гараа гаргаж хийлээ гэж бахархан ярьдаг.

Тиймээс яруу найраг болон дуунд ээжийн гарын цагаан идээ, цай хоол болон гэргийн гарын цай, хоолны амт шимт, тансаг сайхныг магтан дуулсан байдаг. Бэлчээрийн өвс ургамлаар хооллодог монгол малын сүү, мах олон төрлийн амин дэмээр баялаг бөгөөд бидний ходоод гэдсийг цэвэрлэдэг тухай ном сударт олонтаа тэмдэглэжээ.

Элгэн тараг нэгээс хоёр аягыг уухад хоногийн өл даадаг тухай ахмадууд хуучилдаг. Гэхдээ хонины сүү тослог ихтэй учир хонины сүүгээр бүрсэн таргийг гэнэт ихээр ууж болохгүй. Тиймээс монголчууд хаврын цагт таргийг бага багаар дасган ууж үүнийгээ “гэдэс цайх” гэж ярьдаг. Хаврын сүүл сарын үед малчид хоорондоо уулзаад тарган тавтай хаваржиж байна уу гэж мэндлэхэд тавтай төл бүрэн хоногтой болсон шүү гэх юм уу өө хэдэн хүүхдийн маань гэдэс цайж байна гэдэг. Энэ нь мал төллөж дуусаад тараг сүү элбэгшиж байна гэсэн үг. Тараг нь маш сайн шингэцтэй С, В1, В2 витаминаар баялаг идээ юм.

 Эх сурвалж : Н.Дариймаа – Монгол эмэгтэйн гарын ном УБ 2013

2016-10-17T22:48:46+00:00 2014 оны 03-р сарын 08|Зөвлөгөө|

Leave A Comment