Сар шинийн “Монгол наадгай”

//Сар шинийн “Монгол наадгай”

Сар шинийн “Монгол наадгай”

alag melhiМонголчууд эрт дээр үеэс хуучин жилийн өвлийн адаг сарын сүүлчийн өдрийн буюу битүүнийг үдэх хүүхэд багачууд насанд хүрэгчдийн удирдлагын дор шагайгаар “Алаг мэлхий өрөх” хэмээх тоглоомоор наадан ирсэн сайхан уламжлалтай билээ. Алаг мэлхий нь 92 шагайнаас бүрдэх бөгөөд хааш хааш зургаа үелсэн, бүгд 36 шагайг нуруу хэмээн өрөөд түүнийхээ дөрвөн үзүүрт тус бүр дөрвөн шагайнаас бүрдэх дөрвөн шилбэнд бүгд 16 шагай, мөн дөрвөн тавхай тус бүр тав, бүгд 20 шагай, дээд талд нь хүзүүнд зургаа, хушуунд гурав, хоёр нүд, хоёр чих, доод талд сүүлний гурван шагайг, бөөрний хоёр, зүрх, давсагны нэг шагайг зохих журмын дагуу байрлуулан өрнө. Бөөр, зүрх, давсгийг тод өнгийн шагайгаар төлөөлүүлэн нуруу хэмээн нэрийдэж өрсөн шагайн дээр байрлуулдаг ёстой.

Цагаан сарын өдөр тоглоход үүнээс гадна толгой талд улаан будагтай дөрвөн шагайгаар дугуйлан өрж, сүүлийг хар будагтай гурван шагайгаар хийдэг. Мөн зүүн гар талд хөх будагтай таван шагайг нум сумны сүүл хэлбэртэй өрөөд мод гэж нэрлэн, баруун хажуугаас нь тэр сумны үзүүр цухуйсан шинжтэй гурван цагаан өнгийн шагай өрөөд төмөр гэж нэрлэн бас дөрвөн сарвуун дээр нь шороо, огторгуй, уул, салхи гэж тус тус нэг шагай тавьдаг. 

Ийнхүү цагаан сарын үед нийт 108 шагайгаар тоглодог байна. Шинийн нэгэнд уламжлалт арван хоёр жилийн тоолол ёсоор учран золгож буй жилтэй ижил жилтэй хүн буюу жил нь орсон хүн эс олдвол түүнтэй ивээл жилтэй хүнээс эхлэн нар зөв тойрон суусан дарааллаараа шоо хаян нэг нүх буувал алаг мэлхийн дөрвөн сарвуун дээр тавьсан шороо, огторгуй, уул, салхи гэгдэх шагайны аль нэгийг, гурван нүх буувал дөрвөн сарвуу хэмээн тавьсан шагайнаас дөрвийг буюу галыг, таван нүх буувал мод хэмээгдсэн шагайг тус тус авч тоглодог ажээ.

Хэрэв шооны нүхний тоонд тохирсон шагайг хүн авчихсан байвал мэлхийний эх бие хэмээн өрсөн шагайнаас аль тохирох тоотойг авна. Жишээлбэл, нэг нүх буувал зүрх буюу давсаг, хоёр нүх буувал нүд, чих, бөөр гурвын аль нэгийг, гурван нүх буувал толгой, дөрвөн нүх буувал дөрвөн шилбэний аль нэгийг, таван нүх буувал дөрвөн сарвууны аль нэгийг, зургаан нүх буувал хүзүүг буюу зургаан нурууны аль нэгийг тус тус авна. Хэрэв шооны нүх аваад дуусчихсан зүйлийн тоогоор буувал тэр тоотой шагайг буцааж өрнө. Энэ мэтээр тоглосоор өрсөн шагайг авч дуусахад хэн олныг авсан нь хождог. Энэ тоглоомонд хожсон хүнийг тэр жилдээ аз хийморьтой байна гэж үздэг аж.

art.news.mn

2016-10-17T22:48:55+00:00 2014 оны 01-р сарын 25|Зөвлөгөө|

Leave A Comment