Сармис хэрхэн тарих вэ?

Home/Зөвлөгөө/Сармис хэрхэн тарих вэ?

Сармис хэрхэн тарих вэ?

Эрдэмтдийн судалгаагаар анх Хятад оронд хүмүүс хэрэглэдэг байсан бөгөөд хожим нь Египет, тэндээс бусад улс гүрэнд тархсан хэмээн тайлбарладаг. Манай он тооллын өмнөх 4500 жилийн тэртээ Египетүүд сармисыг хүнсэнд хэрэглэдэг байсан бөгөөд түүнийг гайхамшигт ид шидтэй хүнсний зүйлд тооцдог байжээ.

1.       Сармис тарих талбай хөрсийг бэлтгэх

Сармис сонгинолог нэг наст ургамал хумсаар төлжин ургадаг. Тухайлбал хумс ургаж булцуу үүсгэж үржинэ. Цагаан хальст сармисыг хужиргүй, үржил шим сайтай элсэрхэг хөрсөнд тарихад тохиромжтой. Харин улаан сармисыг арай шаварлаг хөрсөнд тарихад сайн ургана. Сармис тарих газрын хөрсийг хагалж бордож сайн усалж боловсруулна. Шаварлаг хөрсөнд сармис тарихын өмнө 1 м2 талбайд адуу хонины бууц 3-4 кг, үхрийн бууц 5-6 кг тус тус хийж бордоно. Энд дээр дурьдсанаар сармис тарих талбайг 20-25 см гүн хагалж.тарих сармисны хэмжээнд тохируулан хайрцаглан (Зх4-2х5м) засч нарийхан өндөр хамар гаргаж дараа нь фосфор 30, кали 20, азот 10 гр тус тус хийж шороотой нь хольж борнойдож тэгшилнэ.

 2.       Сармис суулгах, тарих

Бөөрөнхий сармисны хумсыг нэг нэгээр нь салгаж, том хумсыг сонгож тарих нь чухал болно. Хумснуудын үндсийг соёолуулж таривал түргэн ургах бөгөөд томрох нь сайн байдаг. Үүнд хумсуудаа 1-2 хоног дулаахан өдөр нарлуулсны дараагаар бүлээн усанд 2-3 хоног байлгах хугацаанд үндэс нь соёолж ирэх үед талбайд шилжүүлэн суулгаж болно. Эсвэл гадаа газар ухаж нүхний ёроолд шуудай мэтийг дэвсэж дээр нь сармисуудаа жигд тараан дэлгэж дээрээс нь нойтон шороо буюу сүрэл өвс мэтээр битүү хучиж, дулаалж, дулаахан нартай өдөр нарлуулж байвал хумсууд хөөж үндэс нь сайн соёолно.

Хумсуудаа нэг нэгээр нь цувуулан эгнээ хоорондоо 10-15 см, мөр хооронд 15-20 см зайтай барагцаалбал 1 м2 талбайд 35-40 ш хумс ноогдохоор бодож элсэнцэр хөрсөнд 6-8 см шаварлаг хөрсөнд 5-6 см тус тус хумсны махир үзүүрийг нар өөд харуулан суулгаж, шороогоор булж шороогоо дээрээс нь давтан гишгэж эсвэл малтуур маажуураар нягтруулж өгнө. Хэрэв шороог нь нягтруулж өгөхгүй бол сармисны хумсууд доороос үндсэндээ түрэгдэн ил гардаг. Ялаанаас хамгаалахын тулд тарих төл сонгино, сармисыг сэвсгэр хөрсөнд гүн суулгаж өгөх нь чухал байдаг.

3.       Усалгаа ба арчилгаа

Сармисыг тарьсан өдөрт нь багтаан 1 м2 талбайд 50-60л ус ноогдохоор усална. Хэрэв усалгааны дараа хөрс өрөмтвөл маажуураар жигд самнаж сийрүүлнэ. Тухайн хур тунадасны байдлыг харгалзан анхны усалгаанаас хойш 10-12 хоноод услах ба хумс соёолж навчнууд цухуйж аажмаар 3-4 навчтай болж 10-15 см урт ургаж ирэх үед усалгааг сайн хийж.голын 1-2 навчийг тасалж өгвөл яваандаа олон хумс үүсч томрох нь арай илүү байда Сармис нь ус нэлээн шаарддаг ургамал.Үүнд навч нь 6-7см урт ургаж сайн үндэслэж ирэх үеэр ойр ойрхон усалгаа хийж хөрсийг сайн сийрүүлж өгөх шаардлагатай. Тухайлан хэлбэл  дээрх хугацаанд 7 хоногт 2-3 удаа хур бороотой үед нэгээс доошгүй усалж байвал үндэс нь сайн хөгжиж навч нь түргэн бүдүүрч булцуу нь сайн томорно.

 

Харин хумс соёолж навчилж үндэслэж чадаагүй үед хэт усалбал ялзарч (хөрсөнд) үхэж болно. Булцууг томорч хумс үүсч ирэхээр хөрсний чийгийг харгалзан усалгааг цөөрүүлнэ. Ялангуяа 5-р сарын сүүлч, 6-р сарын эхээр сонгино, сармисны ялаа гарч ирэх үеэр усалгааг цөөрүүлж хөрсийг сийрүүлэх, хөрсөн дээр үнс, керлинтэй үнс мэтийг хольж хийх нь чухал болно. Ер нь  сармисны вегетацийн хугацаанд услах, хөрс сийрүүлэх, бордох ба хог ургамал болон гарсан өвчин.хөнөөлт шавьж зэргийг цэвэрлэж устгах арчилгааг байнга хийж байх хэрэгтэй.

4.       Сармис хураах ба хадгалах

Манай орны ойт хээрийн бүсэд улаан ба цагаан хальст capмисны  булцуу 8-р сарын сүүлч, 9-р сарын эхэн хагаст боловсорч гүйцнэ. Үүнд: сармис хураахаас өмнө арван хэд хоног усаар сойно. Сармисны навчнуудын үзүүр хатаж шарлаж эхлэх үед булцууны хальсыг гэмтээхгүй хүрз сэрээгээр ухаж авна. Булцуунд наалдсан шороо мэтийг цэвэрлэж.наранд ээвэр хуурай газар дэлгэн тавьж 6 хонуулсны дараа 25-50ш ишээр нь хооронд нь сүлжиж томж тусгай бэлтгэсэн салхи агаар сайн орох саравчин доор хэцэн дээр тохож, дүүжилж хальсыг нь сайтар хатаана.

Булцууны хальсыг сайн хатаавал хадгалалт сайн даана. Харин чийгтэй газар байлгавал хөгцөрч хялбархан муудаж болно. Навч шороо зэргийг нь цэвэрлэсэн сармисаа модон хайрцаг эсвэл таар шуудайнд савлаж сэрүүн газар 0° орчим дулаан,60-70 хувийн чийгтэй агаарын солилцоо сайтай зооринд эсвэл таар шуудайнд савлаж сэрүн газар хадгалж болно. Харин сармисыгхэтдулаахан (халуун) эсвэл хүйтэн газар байлгавал хялбархан муудна. Ялангуяа үрийн төл сармисыг дулаан газар хадгалбал тарих үед томорч олон xумс суух нь муу байдаг. Иймд хүнсэнд хэрэглэх ба үрийн төл сармисыг арай хөлдөөчихгүй сэрүүн газар хадгалах нь чухал болно.

Сармис борцлох

Сармис, мөн сонгиныг удаан хугацаатай хадгалах боломж муутай ахул сармисны булцууг нэг нэгээр нь салгаж 0.5 мм хэртэй зузаан тууш зүсч, нарийн даавуун утсанд сүвлэж, сүүдэр бүхий газар дүүжилж хатаана. Дараа нь хэрэглэх үедээ нунтаглаж хэрэглэнэ.

Сармисны ашиг тус

Сармисны навч, сонгинолог.үндэсний найрлагад нүүрс уураг, С, Д, В, РР, каротин болон бусад витамин, фермент, түүний эфирийн тосонд аллицин хэмээх антибиотикийн төрлийн хүчтэй үйлчилдэг фитонцитоор баялаг учир өвчин үүсгэгч нянгуудыг устгах онцлог чанартай. Сармисанд фосфор, хүхэр, иод, магни, кали, кальци, натрийн давс тэрчлэн 17төрлийн микро элементүүдийг агуулдаг байна. Хүмүүс эрт дээрээс сармисыг янз бүрийн халдварт ба халдваргүй өвчнийг эмчилж сувилах зорилгоор өргөн хэрэглэж ирсэн байна. Нэг жишээг баримт болгоход 8-р зууны Английн Лондонд тарваган тахал гарч.тус хотын хүн ам энэ аюултай өвчинд нэрвэгдэж байхад тэр аюулт өвчнөөс амь зулбаж зугтаж гарсан францийн лам хурц үнэрт сармис идсэний ачаар  өвчнөөс амиа аварсан тухай тэмдэглэсэн байдаг, 17,18,19-р зуу Монголчуудын ардын эмнэлэгт тарваган тахал өвчин гарах . түүнээс урьдчилан сэргийлэх гол арга бол сармисыг өргөнөөр хэрэглэдэг байжээ.

 

Манай ардын эмнэлэгт ханиад, томуу, цусан суулга, шүд хорхойтох, ходоод гэдэс, амьсгалын эрхтэн өвчлөх, чихний булаг арьсны яр шарх анагаах, урьдчилан сэргийлэхэд хэрэглэхийн сацуу сармисны шүүсийг могой хазсан шарх сорвин дээр тавьж боох бие ядарч сульдахад сармисны шөл уух зэргээр хэрэглэдэг уламжлалтай. Сармисны эфирийн тосны найрлага дахь аллиц хэмээх бодис нянгуудын үржлийг зогсоох үйлчилгээтэй. Цаашилбал сармисыг хоолонд байнга хэрэглэдэг хүмүүсийн зүрх судасны өвчлөлт бага байдаг байна. Сармис цус  нөжирч бүлэгнэхээс хамгаалдаг. Учир нь сармис нь цусны найрлага дахь холестиринийг багасгаж бууруулдаг. Ийм ч учраас Хятад, Япон хүмүүс цусны даралтыг бууруулахын тулд зориуд сармисыг өргөн хэрэглэдэг байна. Сармисны өтгөн ханд зүрхний агших чадлыг нэмэгдүүлж, цусны даралт бууруулах цусны найрлага дахь чихэрийн хэмжээг бууруулж, инсулинийг ихэсгэх үйлчилгээтэй мөн дотоод эрхтний шээс, цөсний шингэн ялгаруулах үйлчилгээг идэвхжүүлдэг байна.

Бие  махбодид хуримтлагдсан олон тооны хорт бодисуудыг саармагжуулах, идээт үрэвслийг намдааж, шархны эдгэрэлтийг түргэсгэх үйлчилгээтэй болно. Ийнхүү сармис бол эмчлэх сувилгааны чанар бүхий үнэт хүнсний ногоо юм.

2016-10-17T22:50:58+00:00 2012 оны 09-р сарын 15|Зөвлөгөө|

Leave A Comment