Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр Мартын 8

Home/Зөвлөгөө/Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр Мартын 8

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр Мартын 8

8-March-2013-Happy-International-Womens-DayОлон улсын эмэгтэйчүүдийн өдрийг 100 гаруй жилийн туршид жил бүрийн 3-р сарын (Мартын) 8-нд дэлхий даяар өргөнөөр тэмдэглэж ирлээ. Анх 1909 оны 2-р сарын 28-нд АНУ-д Америкийн социалист намын шийдвэрээр тэмдэглэж эхэлсэн байна. Дараа нь 1917 онд дайнд хоёр сая цэргээ алдсан  Орос орны эмэгтэйчүүд “талх ба энх”-ийг шаардсан ажил хаялтыг 2-р сарын сүүлийн Ням гаригийг дахин сонгон зохион байгуулав. Энэ огноо нь тэр үеийн Орос оронд хэрэглэж байсан Юлианы тооллын 2-р сарын 23-ны өдөр буюу дэлхийн бусад оронд хэрэглэж ирсэн Грегорианы тооллын 3-р сарын 8-ны өдөр байжээ.Дараа нь 1975 онд НҮБ-ын Ерөнхий Чуулганаас “Олон улсын эмэгтэйчүүдийн жил” болгон зарласан бөгөөд эмэгтэйчүүдийн асуудлаарх дэлхийн анхны бага хурал Мексик улсын нийслэлд хуралдсан. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас улс орнуудад хандаж гаргасан илгээлтийн дагуу ОУЭӨ-ийг жил бүрийн 3-р сарын 8-нд тэмдэглэхээр болсон байна.Ингээд 1977 онд “Эмэгтэйчүүдийн эрх, олон улсын энх тайвны өдөр”-ийг гишүүн орнууд жил бүр тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан НҮБ-ын тогтоол гарч, цаашид энэ өдрийг дэлхий даяар өргөн тэмдэглэх болсон ажээ.

Энэ өдрийг тохиолдуулан НҮБ болон олон улсын бусад байгууллага, засгийн газрууд, дэлхийн болон үндэсний эмэгтэйчүүдийн хөдөлгөөнүүд эмэгтэйчүүдийн хүний эрхийг баталгаажуулах, тэдний улс төр, нийгэм, эдийн засгийн тэгш эрх, тэгш оролцоог хангахад гарсан ахиц, цаашид шаардлагатай өөрчлөлт шинэчлэлийн тухай өргөнөөр хэлэлцэн, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцлийг нэгтгэн, шинэ эрч хүчээр цэнэглэх, эв санааны нэгдлийг бэхжүүлэхэд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг уламжлалтай.
02c-8-march-international-womens-dayМонгол зэрэг хуучин социалист орнуудад Мартын 8-ныг эмэгтэйчүүд, эхчүүдийн баяр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэ нь уг өдрийн жинхэнэ утга агуулгыг алдагдуулан, эмэгтэйчүүдийн хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангахтай холбоотой олон тулгамдсан асуудлаас нийтийн анхаарлыг хөндийрүүлж, улмаар шударга ёсны төлөөх иргэдийн хүсэл эрмэлзлийг үгүйсгэх, тэдний улс төрийн ухамсар, идэвхийг хязгаарлахад чиглэсэн социалист авторитар дэглэмийн албан ёсны суртал нэвтрүүлгийн нэгэн хэрэгсэл болж байсан юм.
Харин ардчилсан тогтолцоонд шилжин, хүний эрхийг дээдэлсэн нийгэм байгуулах эрхэм зорилгоо Үндсэн хуулиараа тунхагласан Монгол улсад Мартын 8-ныг эмэгтэйчүүдийн аж байдлыг дээшлүүлэх; улс төрийн тэгш оролцоо, нийгэм-эдийн засгийн тэгш эрхийг нь хангах; хүний эрх, эрх чөлөөг нь баталгаажуулах уугуул үзэл санаа, утга агуулгаар нь тэмдэглэн өнгөрөөх эхлэлийг хүний эрх, жендэрийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд тавьсан билээ.
Олон улсын хэмжээнд Мартын 8-ны утга агуулга, ач холбогдол нь эмэгтэйчүүдийн хүний эрхийг хангах чиглэлд гаргасан ололт амжилтыг цэгнэн дүгнэх, өөрчлөлт шинэчлэлийг шаардах, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үйл хэрэгт зориг гаргаж, тууштай, шийдэмгүй зүтгэж ирсэн эмэгтэйчүүдийн хувь нэмрийг талархан тэмдэглэх, дэлхийн өнцөг булан бүрт өрнөж буй эмэгтэйчүүдийн шударга ёсны төлөө тэмцлийг нэгтгэн бэхжүүлэхэд оршдог.

2016-10-17T22:48:46+00:00 2014 оны 03-р сарын 08|Зөвлөгөө|

Leave A Comment