Иодын хэрэглээ

//Иодын хэрэглээ

Иодын хэрэглээ

Иод нь хүний бие махбодын өсөлт, хөгжилт, хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай бичил тэжээлийн нэг юм. Хүний амьдралын туршид иодын нийт хэрэгцээ ердөө л ганцхан цайны халбага буюу 5 грамм байдаг боловч, өдөр бүр өчүүхэн бага хэмжээгээр тогтмол хэрэглэж байх шаардлагатай. Хоол хүнсээр авсан иодын багахан хэсэг нь бамбай булчирхайд хуримтлагдан бамбайн даавар үүсэхэд зарцуулагддаг бөгөөд үлдсэн дийлэнх хэсэг/80 гаруй хувь/ нь шээсээр ялгарч гардаг байна.

Иод ямар ач холбогдолтой вэ?

Иод нь бамбай булчирхайн дааврын нэн чухал бүрэлдхүүн хэсэг болдог.

Бамбай булчирхайн даавар нь бие бялдар, тархи мэдрэлийн эдийн хөгжил, биеийн дулаан энергийн солилцоонд чухал үүрэг гүйцэтгэнэ. Бамбай булчирхайгаас иод агуулсан даавар тогтмол хэмжээгээр байнга ялгарснаар хүний бие махбодь,оюун ухааны хөгжил хэвийн явагдах боломж бүрддэг байна. Иймд хүн амьдралынхаа туршид өдөр бүр шаардлагатай хэмжээний иодыг хоол хүнсээр авч байх шаардлагатай.

Иод яагаад дутдаг вэ?

Бичил тэжээл болох иод нь дэгдэмхий тогтворгүй нэгдэл юм. Хүн хэрэгцээт иодынхоо 92% ийг хүнснээс үлдсэн хэсгийг агаар, ус, хөрс буюу орчноос авдаг байна. Далай тэнгисээс алслагдсан уулархаг нутгийн хөрсөнд иодын агууламж бага байдаг нь иод дутах гол шалтгаан болдог. Иодын дуталтай бүс нутгийн хөрс шороонд ургасан өвс, ургамал түүгээр хооллосон мал амьтан, тэдгээрийн ашиг шимийг хүртэж амьдардаг нутгийн хүмүүст иодын дутал түгээмэл тохиолддог байна. Манай орны хөрс, усанд агуулагдах иодын хэмжээ бага байдаг тул иодын дуталтай бүс нутагт бүхэлдээ хамрагддаг.

Иод дутлын эмгэг гэж юувэ?

Хүний бие махбодид зайлшгүй шаардлагатай бичил тэжээлийн нэг болох иод дутлын улмаас бие бялдар, оюун ухааны хөгжилд гарч буй сөрөг илрэлүүдийг нэгтгэн иод дутлын эмгэг гэж нэрлэдэг. Иод дутвал бамбай булчирхайн даавар хангалттай жэмжээгээр нийлэгжиж чадахгүй болдог. Иод дутал нь хүний биемахбод, оюун ухаан, нийгэм эдийн засагт сөрөг нөлөөтэй.

Иодын хэрэгцээ хэр их байдаг вэ?

Хүн хоногт 100-150мкг иодыг хоол  хүнсээрээ авч чадвал иод дутлаас сэргийлж чадна.

                                           Иодын хоногийн хэрэгцээ

д/д Хүн амын бүлэг Хэрэгцээ
1 0-59 сар 90мкг
2 6-12 нас 120мкг
3 13 ба түүнээс дээш нас 150мкг
4 Жирэмсэн эмэгтэй 250мкг
5 Хөхүүл эхчүүд 250мкг

 

Иодын хэрэгцээгээ хэрхэн хангах вэ?

Иод дутлаас сэргийлэхийн тулд иодоор баялаг хүнсний бүтээгдэхүүнийг өдөр бүр тогтмол хэрэглэх шаардлагатай байдаг. Гэвч манай орны нөхцөлд далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний хангамж, хэрэглээ хангалтгүй байдаг. Иймд зөвхөн иоджуулсан давс хэрэглэж иод дутлаас сэргийлэх бүрэн боломжтой. Иоджуулсан давс хэрэглэх нь бие махбодийн иодын хэрэгцээг хангах хамгийн тохиромжтой хямд төсөр арга юм. Иоджуулсан давс хэрэглэх нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө байхгүй. Монгол хүн хоногт дунджаар 11 грамм давс хэрэглэдэг гэж үзвэл нийт 330 мкг иодыг давсаар авах боломжтой. Энэ нь иодын хоногийн хэрэгцээнээс их байгаа мэт харагдах боловч иодын дэгдэмхий чанартай холбоотойгоор үйлдвэрлэл худалдаа хоол бэлтгэх үеийн алдагдалыг тооцсон хэмжээ юм.

Иоджуулсан давсыг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

-Иоджуулсан давсыг тагтай саванд гэрлийн нөлөөнөөс хамгаалж хадгалах

-Хэт халуун, чийгтэй газар хадгалахгүй байх

-Иоджуулсан давсыг ердийн давстай адил хоол хүнс боловсруулах аль ч үед хэрэглэж болно.

Иоджуулсан давс байнга хэрэглэсэнээр

-Таны хүүхдийн өсөлт хөгжил хэвийн явагдана.

-Таны хүүхдийн оюун ухааны хөгжилт сайжирч, сурах чаввар нь дээшилнэ.

-Сэтгэн бодох хөдөлмөрлөх чадвар сайжирч, өрхийн орлого тань нэмэгдэн гэр бүлийн амьдрал дээшилнэ.

 

Эх сурвалж Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс

 

2016-10-17T22:50:55+00:00 2012 оны 09-р сарын 28|Зөвлөгөө|

Leave A Comment