Жууцай ургуулах арга

Home/Зөвлөгөө/Жууцай ургуулах арга

Жууцай ургуулах арга

Жууцай сонгинолог ургамлуудаас амтлаг чанараараа нэгдүгээрт ордог олон наст ургамал. Жууцайг хавар эрт шинэ байдлаар нь ба давсалж үнсэнд хэрэглэхээс гадна түүний цэцгийг давсалж ашиглана.

Жууцай нь элэгний үйл ажиллагааг нөхөн сэргээх, ходоод халаах, хоолны дуршлыг нэмэгдүүлэх, цус цэвэрлэх зэрэг үйлчилгээтэйгээс гадна биеийн дулааныг зохицуулж, бэлгийн чалхыг сэргээж, бөөрний үйл ажиллагааг сайжруулдаг. Харин хавантай, арьсны үрэвсэлт өвчний үед, амархан хордлого авдаг хүмүүс хэрэглэж болохгүй.

Хэрхэн ургуулах вэ?

Жууцайг үрээр ба төлөөр ургуулна. 1м2 талбайд 5кг бууцаар бордоно.

Жууцайг үрээр: хавар 4-р сарын сүүлч 5-р сарын эхээр 1.5-2гр үрийг тууз хооронд 50см, мөр хооронд нь 20см зайтай олон мөрөөр туузлан 2-4см гүнд тарина. Жууцай чийгэнд дуртай ургамал юм. Иймээс 20л/м2 нормоор ургалтын хугацаанд 6-10 удаа усална. Хог ургамлыг устган хөрсийг 3-4 удаа 8-12см гүнд сийрүүлж өгнө. Тарьсан жилээ нэг байран дээр жилийн турш ургуулаад, ирэх хавар нь жууцайны бутыг тарааж, цөөлөлт хийж цөөн, цөөнөөр нь нэг үрэнд шилжүүлэн суулгаж, үржүүлдэг.

Жууцайг төлөөр ургуулахдаа: 2-5 настай ургамлыг сонгон газрын хөрснөөс ухаж аваад үндсийг 2см үлдээн тайрч 5-6 ба 10-20 ширхэг ургамлаар нь багцлан мөр хооронд 20-25см, ургамал хооронд 10-15см зайтай, 4-5см гүнд 5-р сарын эхний 10 хоногт хийнэ. Суулгангуут нэг тууш метрт 5-10л усална. Шилжүүлэн суулгасан жууцайг ургалтын хугацаанд 5-8 удаа усалж 7-р сард нэг удаа газрын хөрснөөс дээш 3-4см иш үлдээж хутга ба хайчаар хяргаж хураан авна. Дараа жилийн арчилгаа үрээр ургуулахтай ижил хийгдэнэ.

Жууцайг хэт хөгширч навч моджихоос өмнө жилд 3-4 удаа хураан хүнсэнд ашиглана. 2-р хураалтын дараа нэмэлт бордоог 1м2-д хлорт кали 30гр, азот 30гр, суперфосфат 40гр-аар бордоно. Жууцайг нэг талбайд 6-10 жил ургуулж ургац авч болно. 1м2  талбайгаас 5-6кг ургац хураана.

2016-10-17T22:51:05+00:00 2012 оны 07-р сарын 30|Зөвлөгөө|

Leave A Comment