Жимс болон хүнсний ногоог консервлохдоо анхаарах зүйлс

//Жимс болон хүнсний ногоог консервлохдоо анхаарах зүйлс

Жимс болон хүнсний ногоог консервлохдоо анхаарах зүйлс

Консерв гэдэг нь латинаар хадгалах, хамгаалах гэсэн утгатай үг юм. Үүний мөн чанар нь амархан муудах хүнсний бүтээгдэхүүний чанарыг найдвартай хамгаалж, удаан хугацаанд нөөцлөн хадгалахад оршино.

Нөгөө талаар бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж, улам бүр өсөн нэмэгдэж байгаа шим тэжээлт хүнсний хэрэгцээг байгаль-цаг агаарын ямар ч нөхцөлд, жилийн дөрвөн улиралд жигд хангах боломж олгодог.

Консервлох арга нь:

Физик, хими-физик, өндөр, нам агаарын хэмийг ашиглан жимс, хүнсний ногоог нөөцлөн хадгалдаг.

Зааврын дагуу гэрийн нөхцөлд хийсэн төрөл бүрийн консерв нь хүнсний тэжээллэг чанар, амтаараа үйлдвэрийнхээс дутуугүй болдог. Гэхдээ хүний бие махбодод зайлшгүй шаардлагатай С аминдэм нь усанд амархан уусдаг тул жимс, ногоог угаах, чанах явцад тухайн жимс, ногооны аминдэмийн хэмжээ ихээр өөрчлөгддөг.

Үүнээс гадна төмөр, зэс зэрэг металл саванд чанахад хүнсний бүтээгдэхүүний C аминдэм агаарт амархан исэлдэнэ. Тиймээс амин дэмийн алдагдлыг багасгахын тулд заасан хэмжээнээс илүү  хугацаагаар усанд угаах, цэвэрлэх болон зориулалтын бус саванд чанах зэргийг хориглох хэрэгтэй.

Харин паалантай тагтай саванд чанавал агаарт бага исэлдэж, C аминдэмийн задралт багасна.

Жимс, ногоог цэвэрлэж байгаа хутга болон бусад багаж төхөөрөмжүүд нь зориулалтын зэвэрдэггүй металлаар хийгдсэн байх шаардлагатай. Эдгээрийг баримталж чадсан нөхцөлд консервлолтын явцад С аминдэм нь 70-75% хүртэл хадгалагдана.

2016-10-17T22:51:07+00:00 2012 оны 07-р сарын 11|Зөвлөгөө|

Leave A Comment