Дөрвөн шимт шөлний ид шид

Home/Зөвлөгөө/Дөрвөн шимт шөлний ид шид

Дөрвөн шимт шөлний ид шид

zurag29Монголчууд таван хошуу малын дотроос халуун хошуут хонины “Юуг идвэл юуг нөхдөг” хэмээн эрхтэн болгоныг нь олон аргаар боловсруулж иддэг. Үүний дотор биеийг тэжээн сувилах, өвчин хуучныг ангаан засах, урьдчилан сэргийлэх эм болгон хэрэглэж ирсэн шимт дөрвөн ясны шөлийг “Эмийн доторх эм”гэдэг. Ийнхүү шимт дөрвөн ясны шөлийн эмчилгээний тухай нарийн танилцахаар, Шилийнгол аймгийн Монгол эмнэлгийн Уламжлалт заслын тасгийн Сайнцогт эмчийн зөвлөгөөг хүргье.

Монголчуудын уламжлалт эмчилгээнд, бүх биений ясны шим толгойн ясанд, цээжин биеийн ясны шим далны тоогоонд, сээр нуруу, ууц ясны шим охор сүүлэнд, хойт биеийн ясны шим борви тойгонд, цулын шим зүрхэнд, савны шим салбаат сархинагт, хүч тамрын шим хярзанд тус тус байдаг гэж үздэг. Тиймээс далны тогоо, борвины тойгийг шимт гурван ясны шөл гэж, дахин охор сүүлний хэдэн үеийг нэмбэл даруй шимт дөрвөн ясны шөл гэдэг. Энэ шөл нь шим тэжээл өндөр байж, нойр хулжих, хий солио өвчин, хий бодох өвчин, зүрхний хий долгисох өвчин зэрэг хий дийлэнх өвчинд өртөж хүч буурсан хүмүүсийг тамир нөхөхөд хэрэглэдэг. Үүнээс гадна хонин ясны шөл ядаргаа тайлж, өнгө зүсийг гоё болгох үйлдэлтэй гэж ярьдаг.

Шөл нь Монголын өндөрлөгө цаг агаар, газар зүй, нүүдэллэн малжих амьдралд зохицсон тэжээлт унд мөртөө Монголчууд шөл уухаар дамжин ирэх өвчнийг сэргийлж, бие махбодоо эрүүл тэнхлүүн болгодог билээ.Үүнд шимт дөрвөн ясны шөл нь шим тэжээл элбэг , хийг дарж өвчнийг засах чадал нь сайн байдгаар “Эмийн доторх эм” хэмээн алдаршсан байжээ.Тэрчлэн шинжлэх ухаан хөгжиж байгаа өнөөдөр эрдэмтэд судалгаагаар дамжин, хонины бүх ясны дотор далны тогоо, борви, тойг, охор сүүлний яс нь хамгийн шим сайтай яс болох мөртөө эдгээр ясыг 10 — 15 цаг чанаж шөл гаргаж уувал ясны кальцийг нөхөхөөр үл барам залуу байлгах охь сайн үйлдэлтай гэдгийг нотолсон байна. “Шимт дөрвөн ясны шөлний ясуудыг салгаж шөл хийсэн ч тус тусын үйлдэл нөлөөтэй байдаг. Тухайлбал, хонины охор сүүлийн шөл нь эмэгтэйн хий бүрэлдсэн өвчин болон бөөр бэлхүүсний хүйтэн хийг анагаах бол хонины далны барилын шөл нь хийг дарж, дуршилыг нээж, ходоодыг төлжүүлэн, эс шингээдэг. Хонины борви тойгийн шөл нь догшин хий, нойр хулжих, хий солио, мартах өвчнийг  анагаана гэдэг. Гэхдээ шимт дөрвөн ясны шөлийг халуун дийлэх хүмүүс, цусан халуун өвчтөн, шинэ хэрэх өвчинтэй хүмүүс уухыг цээрлэвэл зохино” гэж Сайнцогт эмч зөвлөлөө.

Болод.мн-с

 

2016-12-09T10:43:33+00:00 2016 оны 12-р сарын 09|Зөвлөгөө|

Leave A Comment