Дэлхийн хамгийн “алдартай  10” коктейль

//Дэлхийн хамгийн “алдартай  10” коктейль

Дэлхийн хамгийн “алдартай  10” коктейль

sdadХолимог сархад ч гэж нэрийддэг коктейлийн түүхийг эртний Египет, Ром, Тан улстай холбож үздэг бөгөөд эрт цагт шар айраг, дарсыг зөгийн бал, дал модны жимсний шүүс, далайн усаар шингэлж уудаг байжээ. Коктейль хэмээх нэр томъёог 1790-ээд оноос хэрэглэж ирсэн бөгөөд коктейлийн жорыг тэмдэглэсэн орчин цагийн анхны номыг АНУ-ын бармен Жерри Томас (1830 – 1885) нь 1862 онд гаргасан байдаг байна.  Коктейлийг утгаар нь хөгжүүлсэн орон бол яахын аргагүй АНУ гэдэгтэй маргах хүн ховор юм. Энэ ч утгаараа хамгийн анхны коктейль цэнгүүнийг 1917 онд зохиож байсан гэхчилэн коктейльтэй холбоотой сонирхолтой түүх цөөнгүй. Ингээд та бүхэнд зарим нэр төрлийн дэлхийд “алдартай – 10” коктейлийн талаарх мэдээллийг толилуулж байна.

Май Тай

Рок’н’Роллын хаан Элвис Пресли (1935 – 1977) – гийн тоглосон “Blue Hawaii” (1961) кинон дээр гардаг Полинезийн арлуудын өнгө аясыг шингээсэн Май Тай коктейлийг гол төлөв ром дарс, ликёр, лаймын шүүсээр хийдэг. Май Тай нь Таити хэлээр “Сайн” гэсэн утгатай сайхан ч амттай коктейль ажээ. Май Тай коктейлийг 1944 онд Оклендийн “Trader Vic’s” рестораны бармен олж нээсэн гэж үздэг бөгөөд 1950 – 1960-аад оны хамгийн алдартай коктейль өдгөө ч эрэлттэй байдаг байна.

Маргарита

Текилагаар хийгддэг АНУ-ын хамгийн түгээмэл коктейлийн нэг нь Маргарита ажээ. Найрлаганд нь текила, жүржийн архи, лаймын шүүс ордог бөгөөд хундаганы амсрыг нь давсаар хүрээлж өгөхийн сацуу жимсгэнээр чимэглэж мөстэй олгодог байна. Маргаритаг хэзээ, хаана, хэрхэн олж нээсэн тухай тодорхой түүх үгүй ч эртний тэмдэглэлд өгүүлснээр бол 1938 онд Мексикийн нэгэн рестораны эзэн Карлос Херрера олж нээсэн гэлцдэг ажээ. Маргарита нь “ESQUIRE” сэтгүүлийн онцлох коктейлоор нэрлэгдэж байсан юм байна.

Лонг Айлендын Мөстэй Цай

Водка, жин, текила, ром дарс, жүржийн амттай архи, кока кола зэргийг цайны амтаар хачирлаж хийдэг нэгэн зүйл коктейль нь Нью Йоркийн Лонг Айлендаас гаралтай юм. 1970-аад оноос түгээмэл хэрэглэх болсон энэхүү коктейль нь харьцангуй өндөр градустай буюу 22 хэмийн хатуулагтай юм. Зарим газар цайгүй ч хийдэг бөгөөд анхны хувилбар нь 1920-оод оноос эхтэй бол орчин үеийн орц найрлагаар хийгдсэн хувилбарыг нь Лонг Айлендийн бармен 1972 онд олж нээсэн байна. Лонг Айленд Коктейль нь 1961 оноос хойшхи цөөнгүй уран зохиолд дүрслэгддэг юм.

Пина Колада

Их Британи гаралтай АНУ-ын хөгжмийн зохиолч, дуучин Руперт Холмсын нөлөөгөөр дэлхий даяар алдаршиж эхэлсэн коктейль бол Пина Колада юм. Тэрбээр “Escape (The Pina Colada Song)” (1979) дуундаа Пина Колада коктейлийн тухай дурьдсан нь хүмүүсийн сонирхлыг ихээхэн татсан байдаг. Энэхүү коктейлийг ром дарс, кокос жимс болон кокосын тос, ханборгоцойн шүүсээр хийж мөстэй хүртдэг бөгөөд зүсэм ханборгоцой, черри жимсээр чимэглэдэг. Коктейлийг өвөрмөц амттай болгодог хамгийн чухал зүйл нь кокосын тос юм байна.

Манхэттен

АНУ-ын Нью Йорк хотын Манхэттен зоогийн газраас гаралтай гэж үздэг алдарт Манхэттен коктейлийн түүх 1870-аад оноос эхтэй юм. Тодруулбал тухайн жил цэнгээний газарт Их Британий улс төрч Уинстон Черчиллийн ээж Женни Черчилль (1854 – 1921) хүндэтгэлийн зоогт уригдсан байсан ба түүнд зориулж шинэ коктейлийг санал болгосон нь таалагдаж ийнхүү дэлхий дахинаа алдаршчээ. Коктейлийг хийх түгээмэл арга нь чихэрлэг вермут дарс, виски болон ургамлын гаралтай гашуун амт оруулагч байдаг бөгөөд вискиний сонголт нь гол төлөв Канад виски, бурбон, Теннесси виски байна.

Ирланд кофе

Одоогоос 100 гаруй жилийн тэртээ Ирландын Фойнс боомтын тогооч Жо Шериданы олж нээсэн Ирланд кофе хэмээх өвөрмөц нэгэн коктейлийг аялалын сэтгүүлч Стэнтона Делаплейн (1907 – 1988) Америкчуудад түгээн дэлгэрүүлсэн байдаг. Жо Шеридан боомтоор дайран өнгөрч байсан зорчигчдыг дулаацуулж дотрыг нь халаахын тулд кофег вискитэй хольсон нь гайхалтай амттай болсон юм. Өдгөө олон төрлөөр худалдаалах болсон Ирланд кофе нь халуунаар нь хүртдэг коктейль бөгөөд Ирланд виски, кофе, бор сахарын найрлагатай ба дээрээс нь цөцгийгөөр амталж өгдөг нь үнэхээр амттай. Кофе нь гол төлөв Бразил импортынх байх нь бий.

Мартини

АНУ-ын сэтгүүлч, шүүмжлэгч Хенри Луис Менкен (1880 – 1956) – ийн тодорхойлсноор Мартини коктейль бол сонеттой зүйрлэж болмоор Америкчуудын хамгийн төгс нээлт гэжээ. Тэгвэл зохиолч Элвин Брукс Уайт (1899 – 1985) – ын хэлснээр энх амгалангийн гайхамшигт ундаа гэсэн байдаг. Мартини бол яахын аргагүй дэлхийн хамгийн алдартай коктейлийн нэг бөгөөд XIX зуунаас эхтэй юм. Гарал үүсэл нь тодорхойгүй ч 1863 онд Италийн вермут дарс үйлдвэрлэгчээс Мартини нэртэй брэндийг гаргасан нь магад энэхүү коктейлийн анхдагч болохыг онцолсон байдаг. Мартиниг жин архи болон вермут дарсыг хольж хийх бөгөөд чидун жимс, нимбэгний хальсаар чимэглэж олгох нь түгээмэл ч улам баяжуулж орц найрлага, төрөл зүйл олонтой болжээ.

Можито

Кубын Хавана хот нь дэлхийд алдартай Можито коктейлийн өлгий нутаг гэгддэг. Гааны сэнгэнэсэн амттай энэхүү коктейль нь 10 хэмийн хатуулагтай бөгөөд ром дарс, гаа, лаймын шүүс, хийжүүлсэн ус болон элсэн чихэр / ёотонгоор хийгддэг ч өдгөө улам баяжуулж олон төрлөөр хийх болсон юм. Хийжүүлсэн усны оронд “Sprite”, “Seven – Up” зэрэг ундааг хэрэглэх нь бий. Түүхийг нь судалбал 1586 оноос эхтэй гэж үздэг ч маргаан дагуулдаг маш олон хувилбар байх ажээ. Эх сурвалжийн тэмдэглэснээр АНУ-ын зохиолч Эрнест Хэмингуэй (1899 – 1961) энэхүү коктейлийн амт, орц найрлагыг нь нэмж баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үздэг ба усан цэргүүдийн амтархан хүртдэг коктейль байжээ.

Космополитан

Гол төлөв КОСМО хэмээн нэрийддэг энэхүү коктейлийг 1970-аад оны Сан Франциско, Нью Йорк, Миннеаполис, Манхэттен зэрэг хотуудаас гаралтай гэдэг. Хэрхэн бий болсон түүх нь тодорхой биш ч өнгөрсөн 20 – 30 жилийн хугацаанд хамгийн амттай, хамгийн алдартай коктейль болсон юм. Нэн ялангуяа энэ коктейль нь “Их хотын секс” (1998 – 2004) киноны үеэр гардаг нь олны сонирхлыг эрхгүй татдаг билээ. Коктейлийн найрлаганд водка, цангис жимсний шүүс, жүржийн амттай архи орох бөгөөд лайм жимс эсвэл шүүсээр нь чихэрлэг, шинэхэн амтыг бий болгох хэлбэрээр чимэглэдэг.

Цуст Мэри

Шар тайлдаг гэдгээрээ хамгийн түгээмэл хэрэглэдэг дэлхийд алдартай “The Bloody Mary” коктейлийн анх хэзээ, хаана, хэрхэн үүссэн талаарх маш олон таамаглал байдаг. Эдгээрээс хамгийн анхдагч нь Франц гаралтай бармен Фернанд Петио (1900 – 1975) бөгөөд тэрбээр 1921 онд энэхүү коктейлийг анх хийсэн түүх бий. Цуст Мэри гэж нэрлэсний шалтгааныг Английн хатан хаан Мэри I (1516 – 1558) – тэй холбож үздэг ч хамгийн ойр нь коктейлийн найрлаганд улаан лоолийн шүүс ордогт оршино. Дэлхийн хамгийн “төгс коктейль” гэж нэрийддэг Цуст Мэриг водка, улаан лоолын шүүс, нимбэгний шүүс, хар перец, чидун жимс, давс, Табаско соус зэрэг халуун ногооны амт оруулж хийдэг байна.

Bunny.mn-c

2016-10-17T22:47:25+00:00 2015 оны 03-р сарын 29|Зөвлөгөө|

Leave A Comment