Давсны тухай

//Давсны тухай

Давсны тухай

saltТа давс хэтрүүлэн хэрэглэдэг үү?

Магадгүй үгүй гэж хариулах байх.

Гэвч насанд хүрсэн монгол хүний давсны хоногийн дундаж хэрэглээ 7,3гр гэсэн статистик үзүүлэлт гарсан нь та давс хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн үг юм.

Насанд хүрсэн хүн өдөрт 5гр-аас бага давс хэрэглэх ёстой гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна.

Энэ нь нэг жижиг цайны халбага ч хүрэхгүй хэмжээ юм.

Давсны хэрэглээг багасгах ямар ач холбогдолтой бэ?

  • Цусны даралт буурна.
  • Даралт буурснаар наснаас тань үл хамааран зүрх судасны өвчин үүсэх, цус харвалтаас сэргийлнэ.
  • Хэрэв та даралт ихтэй бол хоолынхоо давсыг жаахан хасахад л дөрвөн долоо хоногийн дараагаас эхлэн үр дүнг нь мэдрэх болно.
  • Таны амтлах мэдрэмж сэргэн, хоол хүнсний жинхэнэ амтыг мэдрэх болно.

Бидний идэж буй давсны ихэнх нь худалдан авдаг талх, хиам, дарсан өргөст хэмх, кетчуп, европ бяслаг, лаазалсан бүтээгдэхүүн, чипс, самар зэрэгт агуулагддаг гэдгийг санаарай.

Давсны хэрэглээг бууруулах арга:

  • Бага насны хүүхдэд эхнээс нь давс, сахаргүй хоол өгч хэвшүүлээрэй.
  • Давсгүй цай ууж заншихаас гадна хүнс, хоол бэлдэхдээ давсны хэмжээг өдөр өдрөөр, бага багаар бууруулаарай.
  • Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын шошгыг сонголт хийхээсээ өмнө сайн унших нь зүйтэй. Жишээ нь, 100гр бүтээгдэхүүнд 0,3гр болон түүнээс бага хэмжээтэй давс агуулсан бол хэвийн гэж үздэг.
  • Импортын зарим бүтээгдэхүүний шошгон дээр давсны хэмжээг биш, натрийн хэмжээг “Na” гээд ард нь бичсэн байдаг. Ийм тохиолдолд 100граммд 0,1гр ба түүнээс бага хэмжээтэй “Na” агуулсан бүтээгдэхүүнийг нь сонгоорой.
  • “No added salt” гэсэн бичигтэй буюу давс нэмээгүй лаазалсан ногоо, ургамлыг сонгож хэрэглэх нь хамгийн тохиромжтой.
  • Лаазалсан мах, шууз, давсалсан загас, европ бяслаг, утсан мах, хиам, нөөцөлсөн ногоо, давсалсан амттан (самар) гэх мэт хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг багасгаарай.
  • Гадуур хооллох үедээ тогооч, зөөгчид давс багатай хоол идэх сонирхолтой байгаагаа хэлээрэй.
  • Лаазалсан загас, давслаг амтлагч болох жан, цуу, гич, улаан лоолийн сүмс зэргийн хэрэглээг хязгаарлаарай.
  • Хоол чанах, амтлахдаа нимбэг, сонгино, сармис, цагаан гаа, халиар, жууцай, лаврын навч, гоньд, яншуй, чинжүү, хүнхээл, мангир, таана болон бусад төрлийн ургамлын гаралтай амтлагч хэрэглэж заншаарай.
  • Хоол идэхдээ эхэлж амталж үзээд, давс нэмэхгүй байх нь зүйтэй.
  • Хатаасан жимс, ногоо, давсалаагүй самар зэрэг амттанг тогтмол хэрэглэж хэвшээрэй.

ncdi.mn-c

2016-10-17T22:49:43+00:00 2013 оны 07-р сарын 17|Зөвлөгөө|

Leave A Comment