Гоймон, түүний чанарыг үнэлэхүй

//Гоймон, түүний чанарыг үнэлэхүй

Гоймон, түүний чанарыг үнэлэхүй

Буудайн гурилын зуурмагийг тодорхой хэлбэрт оруулан хатааж бэлтгэсэн бүтээгдэхүүнийг гоймон гэдэг. Гоймон хадгалалтад тэсвэртэй, хэрэглэхэд тохиромжтой, тэжээллэг чанар, шингэц сайтай бүтээгдэхүүн юм.

Тэжээлийн үнэт уураг 9-13%, хялбар шингэдэг нүүрс-ус 75-79%, өөх тос 10.9%, эрдэс бодис 0.6% аминдэм агуулагдах бөгөөд 100гр нь 330 ккал илчлэг өгнө.

Гоймонгийн үндсэн түүхий эд нь цавуулаг сайтай дээд, 1-р зэргийн гурил, ундааны ус, давс юм. Түүний амт, чанарыг дээшлүүлж, өндөг, улаан лоолийн зутан, хуурай сүү, аминдэм, уургийн баяжуулагч зэрэг нэмэлт түүхий эдийг хэрэглэнэ.

Гурил нь өнгө сайтай, уян харимхай чанартай, 28-32%-ийн цавуулагтай цайвар байх ёстой. Түүнд аминын азот, саахар, идэвхит фермент их хэмжээтэй байж болохгүй. Эдгээр бодис гоймонг исэлдүүлэх, гашилгах, өнгийг нь бараантуулах зэргээр гэмтэл учруулдаг.

Гоймонгийн чанарыг тодорхойлох мэдрэх эрхтний болон физик химийн гол үзүүлэлт нь өнгө гадаргуу, хэлбэр амт, үнэр, чийг, хүчиллэг, бөх бат, хугарч шйрсэн байдал болон гоймонгийн хэмжээ зэрэг болно.

Өнгө – гоймонгийн өнгө гурилын зэрэг, баяжуулагчаас хамаарч харилцан адилгүй байна. Дээд зэргийн гурилын гоймон бусдаасаа цагаан өнгөтэй байх бөгөөд буудайн уураг, өндөг, улаан лоолийн нухаш нэмсэн бол шаргал туяатай байна.

Гадаргуу –гоймон нь нэгэн жигд, тэгш, гөлгөр, гадаргуутай, эсвэл бага зэрэг барзгар байж болно. Хугалж үзэхэд шилэрхэг бүтэцтэй, хугарч бяцраагүй, чанасны дараа хэлбэрээ алдаж, хоорондоо наалддаггүй байвал зохино.

Амт үнэр –гоймон дагалдах амт, үнэргүй, хөгцөрч, хуршиж эсэлдээгүй байх ёстой. Чанахад 15-20 минутанд болж эзлэхүүн нь 2 дахин нэмэгдэх ба усанд уусаж задрахгүй байх шаардлагатай.

Гоймонд чийг 13%, хүчиллэг 4°H дээшгүй байвал зохино. Орчны чийг ихэссэнээс хөгцөрч чанараа алдана. Хүчиллэг нь гоймонгийн хуучралтыг  тодорхойлох гол үзүүлэлт юм.

Агааржуулалт сайтар, цэвэр, хуурай, мэрэгч амьтадгүй, 70%-иас дээшгүй харьцангуй чийгтэй байранд нэг жил хүртэл хугацаагаар хадгалж болно. Хадгалалтын үед ус, чийг, халуун хүйтнээс сайтар хамгаалж, чийг, хэмийн өөрчлөлтөөс гоймонгийн жин нь өөрчлөгдөж, ан цав гарч, хугарахаас гадна үнэр амт нь хялбархан өөрчлөгдөнө. Гоймонг буцалгаж байгаа давстай усанд хийж (1кг гоймонг 5-6 литр усанд чанах ба 50-60гр давс орно) болтол нь хутгаж чанана.

Хөндий гоймонг 30-40 мин, хэрчсэн гурилыг 25-35 мин, гоймонг 7-10 мин, жижиг гоймонг 2-3 мин чанаж болгосныхоо дараа шүүж хайлуулсан тостой хутгана. Төрөл бүрийн гоймонг давсалж амталсан буцламгай усанд хийж чанана. Болонгуут усыг юүлж, ургамлын болон цөцгийн тос, эсвэл гахайн өөх хийгээд хутгавал наалдахгүй.

Харин сүүтэй гоймон бэлтгэхэд  эхлээд гоймонгоо давстай усанд чанаж, шүүж халуун сүүнд хийн 3-5 мин чанана. Гоймон чанасан усыг шөл болон сүмс бэлтгэхэд хэрэглээрэй. 1кг гоймонг 2.3-3.5л усанд хийж будаа агшаахтай адил чанаж болгоно. Харин хоолны хачирт хэрэглэх гоймонг чанах усандаа 1-2 зүсэм мах юм уу, махны шөл бага зэрэг хийвэл амттай болно.

2016-10-17T22:51:05+00:00 2012 оны 07-р сарын 24|Зөвлөгөө|

Leave A Comment