Гахайн махны химийн найрлага бүтэц

//Гахайн махны химийн найрлага бүтэц

Гахайн махны химийн найрлага бүтэц

Мэдээж гахайн махгүйгээр зарим төрлийн хоолыг төсөөлөшгүй. Тэгвэл бидний идэх дуртай гахайн махны химийн найрлага бүтэцийн талаар товч танилцуулья.  Гулууз махны жин, түүний морфологи бүтэц нь тэжээлийн шимт бодисын хэмжээ, нядалгаанд орсон гахайн нас, хүйс, үүлдэр, тарга хүчний байдлаас хамаарч чанар байдал нь харилцан адилгүй байна. Булчингийн эдийн ширхэг нарийвтар, ягаан улаан өнгөтэй, бие байдал нь зөөлөн, холбогч эд нь хатуу бус, амархан шалз чанагдана. Нас гүйцсэн бодон, олон төллөсөн мэгжний мах бүдүүн ширхэгтэй, амт чанар муутай, муухай үнэртэй байх тул хиам үйлдвэрлэхэд илүү тохиромжтой. Өсвөр залуу гахайн мах зөөлөн, нарийн ширхэгтэй, шүүсэрхэг, гадар дотор өөх багатай байна.

Гахайн хүйс махны чанарт нэгэн адил нөлөөлнө. Булчингийн ширхэг нь насны байдлаас ихээхэн хамаарч өөрчлөгдөнө. Тухайлбал: эхээс дөнгөж төрсөн 1.3кг жинтэй тооройн булчингийн ширхгийн диаметрийн хэмжээ 5.3мк байхад нас гүйцсэн 236.1 кг жинтэй мэгжийн диаметрийн хэмжээ 90.9мк орчим байна. Гахайн мах нь хүний биед шингэх шингэцийн хэмжээ таван хошуу малын махаас илүү байдаг. Энэ нь холбогч эд багатай, тосонд ханаагүй тосон хүчил их агуулагддаг учир бага хэмд хайлдаг шинжтэй холбоотой юм.

Гахайн махыг үхэр, хонины махтай жишиж үзэхэд зөөлөн, бүрэн үнэлгээт уураг, үл орлогдох амин хүчил, дээд молекулт ханаагүй тосон хүчлээр илүү, В бүлгийн булчингийн аминдэм ихтэй байхаас гадна тэжээллэг чанараараа давуу, ус бага, өөх тос, ихтэйгээс гадна 1кг махны илчит чанараар илүү байдаг.

Янз бүрийн нас хүйсийн гахайн гулуузанд эзлэх яс, булчин, өөхний эдүүдийн хоорондох харьцаа адилгүй байдаг. Тухайлбал бордсон 5 сартай гахайн гулуузанд яс 10.4%, булчин мах 50.3%, өөх 31%, өөхний эдүүд 41.4%-ийг эзэлнэ. 7 настай гахайн маханд мах булчин 43.5%, өөх 41.4%, яс 8.3% хүрнэ. Судалгаанаас үзэхэд гахайн маханд ус 49%, уураг 14%, өөх 37%, үнс 0.7%, тус тус бага байгаа нь насны байдлаас хамаарч харилцан адилгүй байна. Гахайн нас ахих тусам булчингийн эсүүдийн хоорондох зай хэмжээ ихсэж булчин махны шим тэжээлт бодисын хэмжээ буурах хандлагатай болдог ажээ. Өөхлөг эд нь ягаавтар туяатай цагаан, бараг үнэргүй ч чанаж болговол өвөрмөц үнэртэй, зөөлөн аятайхан болно. Гадар өөхний давхарга гулуузыг бүхэлд нь нэг жигд хучиж тогтсон байна. Тарган махны гадар өөх нурууны дагуу 7см, бордсон гахайн жин 200кг түүнээс дээш, нядлагын гарц нь 70%-иас багагүй байна.

Өөхийг гадар ба дотор өөх гэж ангилах бөгөөд дотор өөхөнд бөөрний өөх зонхилно. Өөх нь 36-45°С-т хайлмагтах ба  найрлагандаа тос 92.2%, холбох эд 1.4%, ус 6.4% зөөлхөн,  шингэцийн хувьд үхэр, хонины өөхөөс ялгаатай.

 

2016-10-17T22:50:45+00:00 2012 оны 11-р сарын 22|Зөвлөгөө|

Leave A Comment