БӨӨРӨЛЗГӨНИЙН МОД ТАРЬЖ СУРЦГААЯ!

//БӨӨРӨЛЗГӨНИЙН МОД ТАРЬЖ СУРЦГААЯ!

БӨӨРӨЛЗГӨНИЙН МОД ТАРЬЖ СУРЦГААЯ!

Канад сортын Бөөрөлзгөний жимс нь том, эрт болцтой байдаг. 

Шаравтар ба хүрэн ягаавтар өнгийн иш, мөчиртэй, өргөслөг бүрхүүлтэй 0.5-1.8 м хүртэл өндөр ургадаг олон наст сөөг юм. Бөөрөлзгөнийн газар дээрээс иш 1-2 настай, үндэсний систем нь олон настай байдаг онцлогтой. Түүний хоёр настай мөчирт жимс сууна. Жимсэлсэн мөчир тэр жилдээ хатна. Дараагийн жилд шинээр ургасан мөчрүүд төлжин ургадаг.

Нэг удаа суулгац тариалсны дараа үндсээрээ үржиж тэлэх ба уг үндэснээс таслан авч суулгац болгон үржүүлнэ. Бөөрөлзгөнийн сөөг 6 дугаар сарын сүүлчээс эхлэн бараг 45-50 хоногийн турш цуварч цэцэглэж, 8 дугаар сараас 9 дүгээр сарын эхний хагас хүртэлх хугацаанд жимс нь боловсорч дуусна. Түүний жимсийг түүхэд хялбар байдгийн зэрэгцээ амархан мууддаг учир жимсийг түүсэн өдөртөө багтааж чанамал, шүүс, дармал хийх юм уу элсэн чихэртэй холиод сэрүүн байранд тавьж хадгална. Сөөгийг нь хөлдөөлгүй сайн арчилж чадвал бүрэн ургаж нэг бут 1.5 кг хүртэл жимс өгнө. Жимсэлсэн 2 настай мөчрүүдийг тайрч цэвэрлэдэг.

ТАРИЛТ. Бөөрөлзгөний 1-2 настай суулгацаар 40-50 см гүн шуудуу ухаад, ургамал хооронд 50-60 см, мөр хооронд 100-120см таридаг. Нэг дор бут маягаар тарьж байгаа тохиолдолд хооронд нь 60-70 см зайтай тарина, ингэхдээ дундуур нь явж арчлах зайг бодолцох хэрэгтэй. Чийглэг, хөнгөн элсэрхэг, сайтар бордсон тэжээллэг хөрсөнд ургахдаа сайн. Ургац их авахын тулд доод тал нь 2 өөр сортыг хольж таривал тоос хүртэлт сайн явагдан жимс сайн өгнө. Бөөрөлзгөнийг нэвт салхилдаг газар болон сүүдэрт, мөн өдөржин нар шарах газарт тарьж болохгүй. Өглөөнөөс өдөр хүртэл нар тусдаг, нөмөр газар сайн ургадаг. 

Тарихдаа талбайн аль нэг хэсэгт захдуу таривал арчлахад зохимжтойгоос гадна үндэсний сэжмээр тарж ургадаг тул аажмаар ихээхэн талбайг бүрхдэг. Бөөрөлзгөнө нь хөрсний чийг, эрдэсийг өөртөө ихээр татдаг учраас дэргэдэх ургамлын тэжээлийг булаана гэсэн үг. Тарихдаа нэг дор бөөн байдлаар бут болгож, эсвэл уртааш нь шуудуулан тарьж болно. Үндэсийг нь газрын гүнд 5-6 см байхаар тооцон гүн биш тарина. Тарьсан нүх болон шуудууны гадуур ус тогтоох нүхтэй байхаар тооцно. Тарималаа сайн услаад, ус шингэмэгц дээрээс нь өнжсөн бууц болон сүрэл, өвс зэргээр хучиж өгнө. Энэ нь хөрсний чийг алдагдаж хатахаас сэргийлэхээс гадна бордоо болж өгнө. Суулгацыг шинээр тарингуутаа мөчрийг газрын хөрснөөс дээш 20-25 см үлдээн тайрна. Ингээгүй тохиолдолд жимс бага өгч, дараа жил нь жимс өгөх шинэ мөчир ургадаггүй. Услахдаа шуудуугаар нь ус гүйлгэж услах ба хүйтэнд тэсвэргүй тул 10-р сарын эхээр сөөгүүдийн хооронд шороо хийж түүн доор мөчрүүдийг нь газар хэвтүүлж байрлуулаад 15см зузаан шороо, цас, үртэс, сүрэл зэргээр хучиж өвөлжүүлнэ. Мөн тунел байрлуулж хучиж болох энэ тохиолдол намар орой болтол жимс хураан авах боломжтой. 

2019-04-11T16:02:27+08:002019 оны 04-р сарын 11|Зөвлөгөө|

Leave A Comment