Бордоо , түүнийг бэлтгэх, хэрэглэх арга

Home/Зөвлөгөө/Бордоо , түүнийг бэлтгэх, хэрэглэх арга

Бордоо , түүнийг бэлтгэх, хэрэглэх арга

bordooОрон нутагт элбэг тохиолддог бууц нь тэжээлийн бодис олныг агуулсан шим бордоо юм. Бууцыг бүх хөрсөнд хэрэглэж болно. Төрөл бүрийн малын бууцанд 75% нь ус, 21% нь шим бодис, 0.5% нь азот, 0.6% нь калий, 0.25% нь фосфор, 0.35% нь кальци байдаг. Найрлага дулааны шинжээрээ ногоонд хамгийн тохиромжтой нь адууны шивх юм. Адууны хомоол нь шилэн дарлага халаах, мөөг ургуулахад юугаар ч орлошгүй зүйл юм. Хүйтэн шаварлаг хөрсийг адууны хомоолоор бордоход хөрс дулаарч ногоо эрт хураах бололцоо гардаг.

Үхрийн бууц нь ус ихтэй, муу халдаг. Үхрийн бууц нь хөнгөн механик бүрэлдэхүүнтэй хуурай дулаан хөрсөнд илүү үр дүн өгнө. Түүнийг байцаа мэт хүйтэнд тэсвэртэй ногоог бордоход ашиглаж болно. Хонины бууц нь хуурай, нягт, удаан ялзардаг. Бууцаар бордоход ургамал бүрд хэрэглэх хэмжээ 1м2 талбайд харилцан адилгүй байдаг. Жишээ нь: эртний төмсөнд 4-5кг, оройнход 6-8кг, эртийн байцаанд 2-3кг, оройнход 4-5кг, лууванд 2-3кг, манжинд 4-5кг, хэмх лоольд 5-6кг тус тус орно. Үүнээс гадна байцаа, лооль, хэмх зэрэг ногоонд дутуу ялзарсан юмуу, шинэвтэр бууц, төмс, лууван, манжин, сонгиныг гүйцэд ялзарсан бууцаар бордох нь зүйтэй. Бууцыг шинээр хэрэглэх нь хортой тул түүнийг ялзруулж хэрэглэнэ. Гүйцэд ялзарсан бууц гэдэг нь бутармал хар бараан өнгөтэй шороо мэт болсон үеийг хэлнэ. Үнс болтол шатааж болохгүй.

Манай орны нөхцөлд жилийн дөрвөн улиралд малын бууцыг цуглуулах боломжгүй юм. Иймээс бууцыг нөөцлөхдөө малыг зөвхөн өвөлжөө, хаваржаанд байх хугацаагаар /180 хоног/ тооцож болох юм. Энэ хугацаанд нэг хонь 0.4-0.5 т.н, үхэр 4-5 тн, адуу 2-3 тн, гахай 1 тн бууц өгдөг. Малын бууцыг голдуу үндсэн бордоонд ашигладаг.

Бууцны шингэнийг бэлтгэх

Бууцны шингэнийг бэлтгэхэд ямар ч бууц байж болох боловч өвөлжөө, хаваржаанд байгаа бог малын бууц илүү тохиромжтой. Учир нь хонь, ямааны шээс хорголтойгоо холилдон дагтаршсан байдаг. Ногооны талбайн ойролцоо шингэнийг бэлтгэх савыг байрлуулна. Үүнд : 100, 200 литрийн төмөр ба модон торхуудыг ашиглана. 200 литрийн торхонд 60-80 кг бууц хийж дээрээс нь ус хйиж дүүргэн өдөрт 1-2 удаа хүрзээр хутгана. Ингээд 7-10 хоноход маш өтгөн хар хүрэн шингэн болно. Наранд халж удах тусам исэлдэн улам чанартай болно. Бэлтгэсэн уусмалаас 2 литрийг 8 литр усанд шингэлж байцаа, лооль зэрэг ургамлыг нэг ургамалд 1 литрээр бордоно.

2016-10-17T22:50:07+00:00 2013 оны 04-р сарын 15|Зөвлөгөө|

Leave A Comment