Бидний тухай

Home/Бидний тухай
Бидний тухай 2017-01-02T14:34:07+00:00

    Манай компани 1999 онд Монголын анхны хүнсний ногооны консервын үйлдвэрийг байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ. Үйлдвэрлэл эхэлсэн эхний жил 2 төрлийн 20 мянган шил консерв үйлдвэрлэж байсан бол одоо 30 нэр төрлийн 5 сая орчим шил консерв үйлдвэрлэж энэ салбартаа тэргүүлж байна.

    Үйлдвэрлэл эхэлсэн эхний жилүүдэд улирлын чанартай үйлдвэрлэл явуулж байсан бол 2007 оноос байнгын үйлдвэрлэл явуулах болсноор үйл ажиллагаа маань жигдэрч, ажилчид ажилдаа мэргэшин бүтээгдэхүүний болон чанарын доголдол алга болж, компанийн үйлдвэрлэл, борлуулалт, үр ашиг ихээхэн нэмэгдэж ирлээ. Мөн жимс жимсгэнэ боловсруулан төрөл бүрийн компот, чанамал, ундаа үйлдвэрлэдэг болсноор бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ өссөн байна.
2008 оноос Газар шим үйлдвэр хүнсээр дамжуулан “Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр” боловсруулан туршилт судалгаанууд хийсний үр дүнд 2011 онд “Артишок” эрүүл мэндийн ундааг үйлдвэрлэн гаргасан. Ундааны түүхий эдийг Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь өөрийн хүлэмжийн аж ахуйдаа тарьж ургуулж байна.

    Манай үйлдвэр 2007-2009 онд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн 80%-ийг шинэчлэж өндөр даралт, өндөр температурт ариутгах иж бүрэн автомат автоклав, механик автоклав болон бусад тоног төхөөрөмжийг суурилуулсан. Энэ нь бүтээгдэхүүний нэр төрөл, амт чанар, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэн, ажлын нөхцлийг сайжруулсан бол 2013 онд иж бүрэн автомат ундааны үйлдвэрийг ашиглалтанд оруулсан.

    Манай компани үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ өөрсдийн боловсруулсан монгол технологи, жороор үйлдвэрлэж, тогтворжуулагч бодис, консервант хийдэггүй, зөвхөн дулааны боловсруулалт хийх замаар консервлодог. Ийм учир консервыг задалснаас хойш бусад бүтээгдэхүүн шиг удаан хадгалж болдоггүй. Бид жилээс жилд үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлж энэ төрлийн бүтээгдэхүүний дотоодын зах зээл дээрх тэргүүлэх байр сууриа улам бататган ажиллаж байна.

    Манай компани нь Улаанбаатар хотод нэрийн барааны дэлгүүр, супермаркет, сүлжээ дэлгүүрүүд, хүнсний захуудаар  болон хөдөө орон нутагт бүтээгдэхүүнээ түгээн борлуулж байна.