Артишок гэж юу вэ?

//Артишок гэж юу вэ?

Артишок гэж юу вэ?

87Халуун дулаан оронд ургадаг Африкийн хойд хэсэг, Газар дундын тэнгисээс гарал үүсэлтэй  энэ ургамлыг хүмүүс бараг 2000 жилийн тэртээгээс хүнсэнд хэрэглэж ирсэн бөгөөд 200 гаруй жилийн өмнөхөн  Испанид анх тарималжуулснаар Европын орнуудад түгэн тархжээ. Харин энэ ургамал Испани, Францын цагаач иргэдээр дамжин одоогоос 90 жилийн өмнө АНУ-ын Калифорни муж улсад  очсоноор бөмбөрцгийн баруун хагаст танил болж хүн амын хамгийн түгээмэл хүнсний нэг болжээ

Артишокийг  Латин нэрээр Cynara scolymus L. Англиар Artichoke гэнэ. Харин монгол хэл дээр гарсан  ном бүтээлд тэр бүр нэр нь байдаггүй энэ ургамлыг зарим судлаачид чөргөсгөнө, удвалжин гэх зэргээр нэрлэсэн буй. Өдгөө дэлхийд артишокийн 200 гаруй сорт байдгаас 40 гаруйг нь хүнс хоолонд өргөн хэрэглэж байна. Далбагар том навчтай, гол нь бүдүүн иштэй, 6-7 ширхэг боргоцой хэлбэрийн булцуутай энэ ургамлын боргоцойн хэсгийг хоолонд, харин навчийг нь эмийн түүхий эдийн зориулалтаар ашиглаж иржээ.

Артишокийн ид шид

Артишок нь харьцангуй сайн судлагдсан хүнсний болон эмийн зориулалттай ургамал юм. Найрлагадаа 15% хүртэл нүүрс ус, 3%-уураг, 0,1% тос агуулдаг энэ ургамал кальци, төмхийн давс, С, В1,В3, Р, каротин, инулинаар баялаг. Кофейн, хинн,хлорген, гликолевин, глицериний зэрэг органик хүчил агуулна. Гадна талын навчнуудад эфирийн тос агуулагдах тул сайхан үнэртэй. Цинарин гэдэг биологийн идэвхит гликозид агуулна. 100 г артишок 57 ккал илчлэгтэй.

Артишокийг хүнс, хоолондоо хэрэглэснээр:

·    Организмаас холестерин, хорт бодисыг зайлуулна.
·    Элэгний үйл ажиллагааг дэмжинэ.
·    Цөсний ялгаруулалтыг сайжруулна.
·    Бөөрний үйл ажиллагааг дэмжинэ.
·    Бодисын солилцоог сайжруулна.
·    Цусны даралт, зүрх судасны хэвийн ажиллагааг хангана.
·    Судасны ханыг бэхжүүлэх, хаван буулгах, хоолны дуршил нэмэгдүүлэх, шээс, цөс  хөөх  үйлчилгээтэй.
·    Артишокийн ундааг хэрэглэснээр арьсанд тэжээл өгч толигор өнгөлөг болгох ба бактерийн эсрэг үйлчилгээтэй тул  нүүрэн дээр батга гарах үед уухад үр дүнтэй. Мөн  хагалгааны дараа хэрэглэнэ.
·    Чихрийн шижинтэй хүнд артишокийг цардуул орлуулагчаар хэрэглэнэ.
·    Цусны даралттай ахимаг насны хүмүүс хэрэглэхэд зохимжтой. 
Дээр үеэс артишокийн цэвэр шүүсийг биеийн чалх сайжруулах зорилгоор өглөө, оройд ¼ аягыг ууж хэрэглэдэг байжээ. Түүнчлэн эрэгтэй хүүхэдтэй болохын тулд эмэгтэйчүүдийг хурьцлын ажил хийхийн  өмнө артишок идэхийг зөвлөдөг байсан байна. Энэ ургамлыг архины хордлого тайлах, хөлсний үнэр дарахад бас хэрэглэдэг. Артишокийн шүүсийг зөгийн балтай найруулж амны хөндий, хэлний гэмтлийг засдаг. Эртний Грект үс халзрахаас сэргийлж үсээ артишокоор арчдаг байв. Шүлтийн үйлчлэлтэй натри, калигаар баялаг тул ходоодны хүчил ихтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Харин хүчил багатай хүн хэрэглэж болохгүй. Мөн даралт багатай хүнд тохирохгүй.

2016-10-17T22:47:29+00:00 2015 оны 03-р сарын 21|Зөвлөгөө|

Leave A Comment