Алим

Алим

Untitled-1Алим бол амин дэм, эрдэс бодисуудын эх булаг юм. Энэхүү жимсийг зүгээр л “иддэг алт” гэж нэрлэж болно. Сайхан амттай, үнэртэй бас эрүүл мэндэд тустай алимыг өдөр бүр идэж эрүүл энх амьдарцгаая. Грекийн үлгэр туульст гардагаар бол Трой хотын их дайн хэрүүлийн алимнаас үүдэлтэй гэгддэг бол, агуу эрдэмтэн Ньютоны толгой дээр унасан алим “Дэлхийн таталцлын хууль”-г нээж, Бибилид бичигдсэнээр алим Адамыг эргүүлэх Евагийн зэвсэг байсан гэгддэг. Дэлхийн бараг бүх улс үндэстэн бүхэнд алимтай холбоотой олон янзын домог, үлгэр, туульс байдаг.

Дархлаагаа хамгаал!

Алим бол хамгийн өргөн дэлгэр тархсан бас хамгийн тохиромжтой “адаптоген” юм. Бие махбодийн өвчин эсэргүүцэх чадварыг дээшлүүлж, дархлааны тогтолцоог сайжруулдаг ургамлыг ийнхүү нэрлэдэг байна. Алимны  “адаптоген” бүрэлдэхүүнд түүнд агуулагддаг фруктоз, В бүлгийн амин дэмүүд, С амин дэм, кали, магни болон биеийг эрүүл, эрч хүчтэй байлгадаг бусад олон тооны ашигтай нэгдлүүд багтдаг байна.

Алим хүний бие махбодод хэрхэн сайнаар үйлчилдэг вэ?

Фруктоз нь бие махбодод маш богино хугацаанд эрч хүч өгч, тархины эд эсийг тэжээллэг бодисоор хангах ажиллагааг эрчимжүүлж өгдөг байна. Энэхүү процесст нь түүнд сахар болон өөх тосыг шингээхэд нөлөөлдөг В5 амин дэм тусалдаг байна. Үүний үр дүнд тархи мэдээллийг түргэн хугацаанд задлан шинжилж эхэлдэг байна. Магни болон кали нь мэдрэлийн тогтолцоог хэвийн байлгаж, мэдрэлийн цочролуудын хөдөлгөөний хурдыг ихэсгэж өгдөг байна. С амин дэм нь дархлааны тогтолцоог бэхжүүлж, бие махбодын бүх тогтолцооны идэвхтэй үлй ажиллагааны явцад ялгарч байдаг илүүдэл бодисуудыг биеэс зайлуулж гаргахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Мөн алимны ач тусыг товч дурдвал:

  • Алиманд агуулагддаг макроэлемент фосфор нь тархины үйл ажиллагааг эрчимжүүлж, мэдрэлийн тогтолцоо болон булчингийн эдийг бэхжүүлдэг.
  • Алим нь бодисын солилцоог сэргээж, давсны тэнцвэрийг хэвийн болгож, бие махбодоос илүүдэл бодисыг гадагшлуулдаг.
  • Алим нь хөгшрөлтийн процессийг удаашруулж, бие махбодыг залуужуулдаг.
  • Алимны шүүсэнд цус төлжүүлэх бодис ихээр агуулагддаг тул зүрх судасны системийг бэхжүүлэхэд тун ашигтай гэх мэт олон төрлийн ач холбогдолтой.

 Алимны төрөл зүйл

Өнөөдөр дэлхий дээр алимны хэдэн мянга гаруй төрөл  байдаг бөгөөд сорт бүр өөр өөрийн гэсэн өнгө хэлбэр амт, үнэртэй, боловсруулах хугацаа нь өөр байхаас гадна агуулагддаг амин дэм, эрдэс бодисоос шалтгаалан бие махбодод үзүүлэх үйлчилгээ нөлөөлөл нь ч харилцан адилгүй байдаг ажээ. Шар өнгийн алимнууд хамгийн шүүслэг, чихэрлэг нь байдаг бөгөөд хоол боловсруулах салбарт өргөнөөр хэрэглэгддэг, ямар ч хоол хүнсний цэсэнд оруулан ашиглахад тохиромжтой байдаг байна. Шар өнгийн алимны хамгийн алдартай сорт нь “Голден делишезюм. Энэхүү алтан шар өнгийн алим нь дотроо цайвар шар зөөлөн эдтэй, удаан хугацааны туршид харладаггүй, С амин дэмээ урт хугацаагаар алддаггүй байна. Хамгийн амттай алимны сорт бол “Ред делишез. Тод улаан өнгөтэй, заримдаа гадна талдаа нарийхан хар судалтай, хазахад шажигнах мэт, зөөлөн чихэр амттай, хэлбэр нь зүрх шиг алим юм. Энэ сортын алимыг салатанд хийхэд тохиромжтой байдаг. Ногоон алим нь эрүүл мэндэд их тустай байдаг. Хатуу, тод ногоон өнгөтэй, шүүслэг, тааламжтай исгэлэндүү амттай. Энэ бол “Гренни Смит сорт. Энэхүү сортын алим нь өлсөх, цангах мэдрэмжийг хоромын дотор дарж чаддаг. Мөн ногоон алим нь бялууны хамгийн сайхан шанз болж чаддаг.

Турах амархан шүү!

Алим нь маш бага илчлэгтэй. Ийм учраас алиман дээр суурилсан тураах маш олон төрлийн дэглэмүүд байдаг. Аажим тайвшруулах, шээс хөөх үйлчилгээтэй, маш бага илчлэгтэй, харахад сэтгэл татаж арааны шүлс асгаруулам, идэхэд өег алимыг идээд л байхад тураад байна гээд бод доо. Алим нь хоол боловсруулалтыг сайжруулж, ходоодыг цэвэрлэж, нарийн гэдэсний үйл ажиллагааг эрчимжүүлж өгдөг байна.  Алимны хальсанд нь дотор зөөлөн эдээс нь 5 дахин илүү их амин дэм агуулагддаг болох нь судалгаагаар батлагдсан байна. Иймд алимыг хальслах шаардлагагүй сайтар угаагаад шууд идэх нь ашигтай. Алимны дэглэм нь маш энгийн, ердөө л 2 хоногийн турш зөвхөн алим л иднэ. Хамгийн сайхан нь түүнийг идэхийг хүссэн хэмжээгээрээ хамаагүй идэж болно. Харин цай их хэмжээгээр уух хэрэгтэй. Ургамалтай, жимстэй цайг чихэргүйгээр уугаарай. Мөн алимны дэглэмийн үед 1 литр тослог багатай тараг ууж болно.

Гэр гэртээ тогооч сэтгүүл №12 /2012/

2016-10-17T22:50:29+00:00 2013 оны 01-р сарын 21|Зөвлөгөө|

Leave A Comment