Айрагаа ууцгаая /айраг исгэх/

Home/Зөвлөгөө/Айрагаа ууцгаая /айраг исгэх/

Айрагаа ууцгаая /айраг исгэх/

airagМанай оронд гүүний айраг үйлдвэрлэх явдал олон зуун жилийн түүх уламжлалтай юм.  Гүүний айргийг Монголоос  гадна   Казах ба Киргиз улс,  Башкир мөн Халимаг улсад хийдэг. Монгол оронд айраг бол өргөн дэлгэрсэн ундаа бөгөөд Булган, Өвөрхангай, Төв, Дундговь аймгууд айраг үйлдвэрлэдэг гол нутаг юм.

Монголчууд айргийг 2 төрлөөр исгэх ба энэ нь  ширэн хөхүүр, модон хувинд исгэх зэрэг боловч хөхүүрт исгэх нь илүү байдаг.

Хөхүүрээр исгэх:

Урьд жилийн айраг исгэж байсан хөхүүрээ дараа зун нь дэвтээж цахлан дүүжлээд түүндээ шинэ саамаа хийж сайтар бүлж исгэдэг. Ерөөс гүүний айргийг хэдэн жил дараалан  исгэсэн ширэн хөхүүр сүү айрагны шим чанарыг өөртөө сайн шингээсэн байх тул тусгай хөрөнгө шаарддаггүй.

Хөрөнгөөр исгэх:

Урьд жилийн намрын айрганд 1 кг орчим шар будаа үзэмний аль нэгийг хийж идээшүүлэн авч цэвэр уутанд хийж хадгалсан байх ёстой. Ингэж хатаасан хөрөнгөө саамандаа хийж бүлж исгэнэ. Эсвэл хонь ямааны шинэхэн тарагаар хөрөнгөлөн исгэж болно. Ингэхдээ саамны литр бүрт 100-150 гр тараг ноогдуулна.

Булган аймгийн Сайхан сумынхан айргаа сайхан болгохын тулд хөрөнгөө өвөрмөц аргаар гарган авдаг. Тухайлбал:  Хусран гүүний  халуун саамыг айргийн ширэн борвинд хийж халуун өдөр моринд ганзаглан давхихад уг саам зайлагдаж өөрөө иснэ. Намрын айрганд сайтар цэвэрлэсэн ахрын эсгийг хийж 15-20 хонуулаад авч сүүдэр газар хатаан салхи орохгүйгээр битүүлэн хадгалан хойт жил нь халуун сааманд хийж бүлээд, хөрөнгө гаргаж авна. Ямааны түүхий сүүгээр тараг бүрж сайн хутгаад наранд исгэн дээрээс нь түүний дөрөвний нэгтэй тэнцэхүйц халуун саам хийж хутган, өдөр бүр халуун саам нэмж бүлсээр байгаад сайхан айраг гарган авдаг байна.

Айргийн исэлтэд нөлөөлдөг нэг чухал ажиллагаа бол бүлэлт юм. Бүлэлтийг улирлын байдлаар тохируулан зун бол саамаа хийнгүүт 5000-7000, намар бол 3000-4000 бүлнэ.

Намрын айргийг дэндүү олон бүлбэл шингэрч цайна.

Зуны айргийг дутуу бүлбэл хэтэрхий исгэлэн амттай болно.

Бүлэлт сайтай айраг 7-8 цагт исэж гүйцнэ. Айрганд сүүний хүчлийн исгэлэн явагдахын хамт мөөгөнцөрийн оролцоотойгоор спиртийн исгэлэн явагддаг учир айрганд сүүний хүчлээс гадна 2-3 хувь спирт бий болно. Түүнчлэн айргаас нүүрсхүчлийн хий үүсэж тэр нь гадагш гардагаас исэж буй айраг  шуугиж бүлэхэд хөөсөрч аятайхан үнэр ханхална. Исээгүй айраг сүүний үнэртэй гөлгөрдүү байх бөгөөд хичнээн бүлэвч шуугих нь бага язмагтсан байх ба аяганд хийхэд шар усан хүрээ татаж эвгүй үнэртэнэ. Ийм айргийг шүүж янзлах буюу эс засарвал хувин хөхүүрээ угааж шинээр хөрөнгөлөн исгэх, саамыг халуун хийж сайтар бүлээд дулаан байлгавал зохино. Ер нь айраг даарвал хөрөнгө нь төөрч болно. Намар цагт беризентэн хөхүүрийн айраг исэх нь муу хөлдөөхөд айрагны нь аль шимтэй нь шүүрч амт муудах гэм бий. Иймд хөлдөөж өвөл хэрэглэх айргийг хярамлахгүйгээр намар эртхэн сайн исгэж хувинд хөдөлгөөнгүй зоорилон хадгалбал зохино.

TV zone сэтгүүл №268 /2013/

2016-10-17T22:49:46+00:00 2013 оны 07-р сарын 08|Зөвлөгөө|

Leave A Comment