Цаг агаар хүйтэрч ханиад томуу ихээр дэгддэг өвлийн улирал айсуй. Даарч хөрснөөс болж ханиад томуу тусах хүмүүс эрс ихэсдэг. Мөн ханиад хүрсэн хүнээс халдвар авах ч эрсдэл бий болдог. Тиймээс биеийн эсэргүүцлээ сайжруулж, дархлаагаа дэмжих нь хамгийн чухал. Биеийн дархлааг хоол хүнсээр дамжуулан бэхжүүлэх боломжтой ба дараах жимс, ногоог хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна.

САРМИС

Дэлхийн аль ч хоолны жорд сармис багтсан байдаг. Эрт дээр үеэс эхлэн хүмүүс халдвартай тэмцэх сармисны онцгой ач холбогдлыг хүлээн зөвшөөрсөн юм. Мөн судалгаагаар сармис нь цусны даралтыг бууруулж, судасны хатуурлыг  удаашруулдгийг тогтоожээ. Сармисны дархлаа сайжруулах шинж чанар нь хүхрийн нэгдэл бүхий аллицины агууламжаас үүдэлтэй. Сармистай шөл хийж уух нь хамгийн үр дүнтэй арга ба мөн бүх төрлийн хоолондоо сармис хийж идэх нь дархлаанд том нэмэр болно.

ЦАГААН ГАА

Цагаан гаа нь хоолой өвдөх болон бусад өвчний үрэвслийг бууруулж, дотор муухайралтыг багасгана. Мөн архаг өвчинд тустайгаас гадна холестриныг бууруулах чадвартай хэмээн сүүлийн үеийн судалгаагаар тогтоосон байна. Бүх төрлийн хоолонд хэмжээг нь тааруулан хэрэглэж болох ба шөлтэй хоолонд бүр их тохиромжтой байдаг.

ТАРАГ

Идэвхитэй өсгөвөр нь таны дархлааг идэвхижүүлж, өвчинтэй тэмцэхэд тусалдаг. Тараг нь мөн Д аминдэмийн эх үүсвэр болдог тул  Д аминдэмээр баяжуулсан таргийг сонгоорой. Д аминдэм нь дархлааг сайжруулж, бие мах бодийг өвчний эсрэг байгалийн хамгаалалтыг сайжруулдаг. Мөн тарагандаа нэрс жимс хольж идэх нь ханиадны эсрэг хамгийн хүчирхэг хүнс болох ид шидтэй.

БУУЦАЙ

Бууцай нь  С витамин төдийгүй олон тооны антиоксидант, бета киротиноор баялаг тул бидний дархлааны тогтолцооны  халдвараас хамгаалах чадварыг нэмэгдүүлдэг. Тэжээллэг чанарыг нь бага алдагдуулахын тулд аль болох богино хугацаанд буцалгаарай. 

ЦИТРУС ЖИМС

Ихэнх хүн ханиад хүрсний дараагаас витамин C-г хэрэглэж эхэлдэг. Витамин C нь цусны цагаан эсийг нэмэгдүүлэн улмаар дархлааг сайжруулахад тусалдаг. Эдгээр цагаан эс нь халдвартай тэмцэхэд онцгой хувь нэмэртэй бөгөөд таны бие витаминыг үйлдвэрлэх эсвэл хадгалдаггүй учраас өдөр тутамдаа С аминдэм ихтэй цитрусын төрлийн жимснүүдийг хэрэглэх хэрэгтэй. Түгээмэл цитрус жимснүүд:
Бэрсүүт жүрж
Оранж
Мандарин
Нимбэг
Лайм

Та эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэснээр ханиад томууны эсрэг хүчтэй хана босгож байна гэсэн үг юм шүү.